Өмнөд Солонгос Умард Солонгостой солилцооны бүх хөтөлбөрөө цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-17 14:27:31

СӨҮЛ. /TASS/.  БНАСАУ нэгдүгээр сард цөмийн туршилт явуулсны дараа БНСУ-ын Засгийн газар тус улстай иргэн солилцооны хувийн бүх хөтөлбөрийг цуцалсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

“Засгийн газар цөмийн туршилтын дараа Солонгос хооронд холбоо тогтоох, тухайлбал, хилээр зорчих, Умардад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг зохион байгуулах тухай хувь хүмүүс болон байгууллагуудаас өгсөн 17 хүсэлтийг бүгдийг нь хүчингүй болгосон” гэж тэрбээр онцлон дурдсан байна.

“Пхеньяны үйлдэл өмнөх бүх хүчин чармайлтыг үгүй хийсэн учир одоо яриа хэлцээ болон хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тийм ч тохиромжтой цаг биш” гэж Өмнөд Солонгосын түшмэл цохон тэмдэглэжээ.

Хоёр орон хоорондын солилцооны Засгийн газар хоорондын хөтөлбөрийг 2010 онд Өмнөд Солонгосын “Чонан” хөлөг онгоц сүйрсний дараа зогсоосон байна. Цэргийн уг хөлөг онгоц Умард Солонгосын шумбагч онгоцноос харвасан шумбагч минад оногдож сүйрсэн гэж Сөүл болон Вашингтоны эрх баригчид үздэг.

Умард Солонгос мөн хоёрдугаар сарын 7-нд хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг амжилттай хөөргөж, хиймэл дагуулыг тойрог замд оруулснаа мэдээлсэн. Үүнээс нэг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 6-нд Пхеньяны эрх баригч устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ