Сан-Бернардинод халдлага үйлдсэн этгээдийн гар утсанд нэвтрэхийг "Apple"-аас шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-17 15:06:20

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотод халдлага үйлдсэн Сайед Ризван Фарукийн гар утсан дахь мэдээллийг авахад нь Холбооны тагнан мөрдөх товчооны ажилтнуудад туслахыг “Apple” компаниас шаардсан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард эхнэрийн хамт Сан-Бернардино хотод халдлага үйлдэж, 14 хүний амийг хөнөөсөн Фарукийг цагдаа нар хэргийн газарт буудан, устгасан билээ.

Фарукийн “iPhone” утсанд чухал мэдээлэл хадгалагдаж байгаа гэж Холбооны тагнан мөрдөх товчоо үзэж байгаа бөгөөд уг утасны аюулгүй байдлын программ хангамжийг арилгаж, утаснаас мэдээлэл авахад туслахыг АНУ-ын шүүх “Apple” компаниас шаардсан байна.

2014 оны есдүгээр сард гаргасан программ хангамжийг “Apple”-ийн төхөөрөмжүүдэд суулгасан тохиолдолд цахим зурвас болон гэрэл зураг гэх мэт мэдээлэл анхдагч байдлаар нууцлагддаг ажээ. Энэ нь хэрвээ төхөөрөмж түгжигдсэн байвал нууц кодыг оруулах л замаар мэдээлэлд нэвтрэх боломжтой гэсэн үг юм. Хэрвээ нууц кодыг 10 удаа буруу оруулсан тохиолдолд төхөөрөмж дэх бүх мэдээлэл автоматаар устгагддаг байна. Ингэснээр хэн ч, бүр “Apple” компани ч мэдээлэлд нэвтрэх боломжгүй юм.

АНУ-ын Засгийн газрын тагнуулын мэдээллийг Эдвард Сноуден илчилсэнтэй холбоотойгоор “Apple” компанийн энэ нууцлалын програм хангамжийг дэлхийн хамгийн дэвшилтэт технологийн компаниудын өлгий нутаг болсон “Silicon Valley” дахь хэд хэдэн компани хэрэгжүүлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ