ОХУ “С-300” пуужингийн системийн эхний хэсгийг Иран руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-18 13:26:38

ТЕГЕРАН. /IRNA/. Агаарын хамгаалалтын “С-300” пуужингийн системийн эхний хэсгийг ОХУ өнөөдөр Иран руу илгээнэ.

ОХУ-ын агаарын хамгаалалтын “С-300” пуужингийн системийн эхний хэсгийг энэ сарын 18-нд буюу өнөөдөр Каспын тэнгисээр тээвэрлэн Иранд хүргэх бөгөөд үүнд зориулсан арга хэмжээнд Ираны Батлан хамгаалахын сайд Хоссейн Дегхан оролцоно гэж “Sputnik” агентлаг мэдээлэв.

Дегхан одоогийн байдлаар ОХУ-д байгаа бөгөөд тэрбээр хаалтын арга хэмжээнд оролцохоор Каспийн тэнгисийн Астрахан хотыг зорино.

“С-300” пуужингийн систем Иранд нийлүүлэх 800 сая долларын гэрээг Москва, Тегеран 2007 онд байгуулсан билээ. Ираны цөмийн хөтөлбөр энхийн зориулалттай болохыг батлах хүртэл тус улсад зэвсгийн хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсантай холбоотойгоор ОХУ 2010 онд уг гэрээг цуцалсан байна. Үүнтэй холбогдуулан Иран ОХУ-ыг шүүхэд  өгчээ.

Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Иран “5+1” бүлэгтэй цөмийн гэрээ байгуулж, хориг арга хэмжээ цуцлагдсанаар ОХУ Иранд “С-300” пуужингийн систем нийлүүлэх болсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ