О.Бурмаа тивийн аваргын 30 дахь алтан медалийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-19 11:20:37

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо эхэлж манай тамирчдаас О.Бурмаа Ази тивийн аварга болж алтан медаль хүртжээ.

Энэ тэмцээнд Бахрейн, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Йемен, Казахстан, Катар, Киргиз, Монгол, Палестин, Сингапур, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 23 орны 300 гаруй бөх хүчээ сорьж байна.

Эхний өдөр эмэгтэй 63, 75 кг жингийн барилдаан болж 75 кг-д 8 бөх барилдсанаас гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт Узбекийн бөх Лалхин Оринбаеваг 6:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд Казахстаны бөх Гульмара Еркебаеваг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд Японы бөх Рино Абег 2:0 онооны харьцаагаар ялж тивийн аварга болсноор тивийн аварга шалгаруулах тэмцээнээс элсний аварга шалгаруулах тэмцээнийг оролцуулаад 8 дахь медалиа аваад байна.

Гавьяат тамирчин О.Бурмаа нь ийнхүү Ази тивийн АШТ-д түрүүлсэн манай 28 дахь бөх, манай бөхчүүдийн авсан 30 дахь алтан медаль, эмэгтэй бөхчүүдийн авсан 5 дахь алтан медалийн эзэн, алтан медаль хүртсэн 4 дэх эмэгтэй бөх боллоо.

63 кг-д 10 бөх барилдсанаас ОУХМ Б.Нямгэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Анита Анитад 0:10 онооны харьцаагаар дийлджээ.Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаан болно.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ