Монгол нүүрс Хятадын зах зээлээс шахагдах болоод байна

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:34:59

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Монгол нүүрс 2015”  чуулга уулзалт эхэллээ.  “Олон улсад яаж өрсөлдөх вэ” гэдэг асуулт тав дахь жилдээ дахин тавигдаж байна. Гагцхүү өрсөлдөөнд бэлэн байдал  Монголын нүүрсний салбарын өмнө тулгарчихаад байна. Эрдэс баялагийн  үнэ ханш шалдаа буун унаж байгаа үед Дэлхийн хэмжээнд нүүрс экспортлогчид зардлаа танаж олборлолтоо нэмэгдүүлснээр нэгжийн зардлаа бууруулж байна. Гэтэл Монгол нүүрс  тээвэрлэлт ложистикийн зардал өндөр байдгаас экспортын өртөг зардал 25 хувиар өндөр байгаагаас хятадын зах зээлээс шахагдаж Өвөрмонголоор хязгаарлагдах болоод байна. 2014 оны байдлаар авч үзэхэд баяжуулсан нүүрсний экспортоос эцсийн зах зээлд хүргэх нийт зардлын 60 орчим хувь нь зөвхөн тээвэрлэлтэд зориулагдаж байсан байх жишээтэй. Тиймээс   Монгол кокосжих нүүрсний олон улсын зах зээлийн өрсөлдөөнд ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ? гэдэг асуудалд бодлогоо уралдуулах шаардлага гарч байна.
Манай Улсын орших Ази Номхон далайн бүс нутгийн  зах зээлд  Австрали  154 сая тонн  нүүрс АНУ 60 сая, Канад 33 сая, ОХУ 22 сая тонн нүүрс нийлүүлж байгаа бол Монгол 15 сая тонныг нийлүүлж байна. Тэгвэл гол эрэлт БНХАУ 77 сая тонныг Япон 54 сая , Энэтхэг 38 сая,  БНСУ-31 сая тонн нүүрсийг импортолж байна.  Япон Солонгос манайхаас нүүрс авах хүсэлтэй нэгэнтээ илэрхийлсэн боловч өмнөд хөршгүйгээр транзит тээврийн асуудлыг шийдэх боломжгүй. Монгол Улсад уг нь өмнөд хөршийн төмөр замаар 40 хувийн хөнгөлөлттэй үнээр далайд гарах гарцыг тус улсын тэргүүн ШиЗинПин олгосон байдаг ч гол тээвэрлэгч Гашуун Сухайт Ганц модны боомтоо олон улсын боомт болгох зэрэг дунд шатны ажлууд огт хийгдэхгүй байсаар байна гэж экспортлогчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Үүнээс гадна Таван толгойн төслөө цаг алдалгүй урагшлуулах хүлээлт байна.  
Таван толгойн нүүрсний ордод хэрэгжих мега төсөл эхэлбэл жилдээ 30  сая тонн угаасан нүүрс экспортлоно. Энэ тооны ард татварын хураамж, ажлын байр, ханган нийлүүлэгч, зах зээлээс орох ашиг гээд олон ашгийг тооцож болно. Тэрчлэн 1072 хувьцаа амилна гэсэн үг. Ирээдүй ингэж харагдаж байгаа. Харин төслийн өгөөжийг тооцолгүйгээр одоогийн хүчин чадлаар Монгол улс 2015 онд 21,1 тн нүүрс олборлож 15 саяыг экспортолж 132 стэр бум төгрөгийг төсөвт оруулахаар төлөвлөсөн бөгөөд 1 тонн нүүрсийг 82,5 ам доллараар төсөөлсөн нь бодит хөрсөнд суусан төлөвлөлт гэж тооцож байгаа юм. Монголын нүүрсний салбар өнөөдөр уналтын үедээ алсын хараагаа тодохойлохдоо нүүрснээс гарах эцсийн бүтээгдэхүүн, эрчим хүчний экспорт, экспортын дэд бүтэц, татвар хууль эрх зүйн орчныг өрсөлдөөний бодлогод нийцүүлэх, гуравдагч ках зээлд тэмүүлэх гэж харж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд