ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 13:06:17

УИХ-ын дарга З.Энхболд болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр /2015.9.16/ уулзлаа.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ, Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хуралд цаг зав гарган оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Танд болон таныг дагалдан ирсэн хүндэт төлөөлөгчдөд Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гэлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улс ЕАБХАБ-ын парламентын Ассамблейг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, энэ удаагийн чуулганаар нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Түүнчлэн эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойд идэвхтэй оролцож, Улаан талбайд болсон цэргийн парадад Монгол цэргүүд оролцсонд баяртайгаар хүлээн авсан гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон явдалд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн ЕАБХАБ-ын хүрээнд хоёр тал нэгдсэн байр сууринаас хандана гэдэгт найдаж буйгаа онцлоод дэлхийн болон бүс нутгийн түвшинд нийтлэг байр сууринаас оролцдог гэдгээ тэмдэглэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улсад хоёр дахь  удаагаа айлчилж байгаа нь онцгой ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хурлын үеэр гарах асуудлуудаар санал нэг байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Цог, Н.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад төлөөлөгчид оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд