Эх бичгээ сийлбэрийн урлагтай хослуулах эрдэмд суралцаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:57:27

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын ЕББД сургуулийн Монгол хэл, Уран зохиол, Үндэсний бичгийн багш Жанцангийн Гэрэлмаа нь Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн 2015” улсын уралдаанд бүтээлийн ангилалд тэргүүн байранд шалгарч Монгол Улсын Ерөнхийлагчөөс шагналаа гардан авсан билээ.

Тэрээр “Монгол бичгэн хээтэй авдар” сийлбэрээр энэхүү хүндтэй шагналын эзэн болсон юм. Хүндэт шагналын эзэн Ж.Гэрэлмаа багштай цөөхөн хором хөөрөлдсөнөө та бүхэндээ толилуулья.

-Юуны өмнө танд энэхүү хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе. Таны хийсэн бүтээл их өвөрмөц харагдаж байна. Энэ санаа хэрхэн төрөв. Энэ гоё авдарныхаа талаар тайлбарлаач. Урд жилүүдэд бас энэ уралдаанд амжилттай оролцож байсан санагдана?

-Баярлалаа. Тиймээ. Миний хувьд  2015 оны 1 сард “Монголын сайхан бичигтэн-2014” Улсын Үндэсний бичгийн уралдаанд 3-р байр эзэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаас шагналаа гардан авч байсан. Энэ маань монгол бичгийн дүрс бичлэгийг өнгийн цаас ашиглаж хийсэн “Дэлгэр Монгол орон” бүтээл байлаа. Би олон уралдаан, үзэсгэлэнд оролцож байсан. Ингэж явахад маань олон сайхан санаа төрдөг л дөө. Сүүлийн үед монгол хүмүүс маань хоймроо залдаг авдраа их бэлэгшээн хүндэтгэдэг болжээ. Иймээс хоймроо дээдлэн залдаг авдраа эрхэмсэг их монгол бичигтэйгээ уялдуулан холбож яагаад болохгүй гэсэн бодол төрсөн юм Миний хувьд Монгол ахуйдаа, уламжлагдаж ирсэн монгол гэрийнхээ хойморт залсан авдарныхаа урд шагай тоглож өссөн. Иймээс энэ бүтээлийг хийхэд илүү ойрхон байлаа. Би уралдаан тэмцээн бүрт өөрийн сонирхол хоббигоороо оролцдог. Миний авдар битүү сийлбэрээс бүрдсэн. 6 сарын хугацаанд бүтээл маань бий болсон. Нүүрэн талдаа дөрвөлжин бичгээр “эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим”, голынх нь дугуй бичиг бол угалзан бичгээр “монгол бичиг”, авдрынхаа таган дээр “ном судар”, хоёр хажууд нь “угаасан ус рашаан, унасан шороо алт”, “монгол бичиг тэнгэрийн бичиг” гэсэн үгнүүдийг дөрвөлжин үсгээр сийлсэн байгаа. Мөн аав минь авдарныхаа хажууд барьж явахад зориулсан сур хийдэг байсан. Аавыгаа бодож энэ суран бариулыг  хийж өгсөн байгаа. Авдран дотроо 1936 оны 36-тын тайлбал толь гэсэн босоо монгол бичгийн тайлбар толь буюу судрыг хийж өгсөн. Энэ судар их ховор зүйл. Судар хийснээр “Номын авдар” гэдгийн утга учир энд орших байхаа. Бичиг соёлоо дээдэлдэг, хүндэлдэг Монголынхоо бүх хүмүүстээ баярлалаа.

-Хэдийгээр таны эзэмшсэн мэргэжил ч гэлээ олон төрөл зүйл дээр хөгжин дэвжихэд тань нөлөөлсөн хүн бий юу?

-Байгаа. Миний энэ амжилт, олон сайхан бүтээл хийхэд дөрвөлжин болон угалзан бичгээр бичих, хөгжин дэвшихэд минь өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулж, зааж тусалсан багш Х.Баярсайхандаа баярлаж явдаг. Энэ хүнтэй миний амжилт, баяр хөөр бүхэн хамт явдаг даа.

 

-Өөрөө та их онцлогтой багш санагдлаа. Хүүхдүүдийг сургах орчинг их анхаардаг юм байна. Үндэсний монгол бичгээ монгол ахуйтайгаа хослуулах аргыг хэрхэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаагаа тодруулаач?

-Миний хувьд Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд  монгол бичгээ орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлэхэд анхаарч угалзан, дөрвөлжин, эвхмэл бичгүүдээ загварын дээл, гоёлын хувцсанд наах, цаасан урлал, модон сийлбэрээр бичиж ард иргэд, сурагчид, багш, эцэг, эхчүүдэд сурталчлан таниулах, өвлөн үлдээх, эх бичгээрээ бахархах, омогших үзлийг бий болгохыг л ихэд эрмэлздэг хүн. Намайг 2006 онд анх ажилд ороход 316 тоот ангийг өгч байлаа. Тэр анги маань ардаа тасалгаатай, хичээл ороход хүндрэлтэй, нэг ширээнд 3 хүүхэд суудаг байсан. Иймээс ар талын ханыг нь авч, ангийг томруулан сургалтын таатай орчин бүрдүүлэхээс ажлаа эхэлж байлаа. Ингээд цаашид үргэлжлүүлэн 2009 онд ангийн бүх ширээний тавцанг сольж, шинэчлэх, 2011 онд өөрийн санаачилгаар Хөтөлийн ЦШХК-ийн дэмжлэгтэйгээр “Худам монгол бичиг минь” бие даасан үзэсгэлэн гаргаж, ангидаа эх хэл бичгийн орчин бүрдүүлсэн. Мөн цаашлаад 2015 онд сурагчдын эцэг, эхтэй хамтран өөрийн ангиа “Монгол гэрийн“ загварт оруулан тохижуулж, сурагчдын ширээ сандлыг иж бүрнээр нь шинэчилсэн. Ингэж монгол ахуйдаа үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн үр дүнтэй байдаг. Хүүхдүүд ч сурах, хүлээн авах нь амархан байдаг. 

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд таны хувьд мэдээж олон л ажил амжуулсан болов уу. Энэ талаараа . . . ?

-2014 онд “Надаас ургасан цэцэг” нэртэй цаасан урлалын үзэсгэлэн гаргасан. Энэ цаасан урлалын дугуйланд маань одоо дунд болон ахлах ангийн 50 гаруй  сурагч  хичээллэж байгаа. Манай дугуйлангийн сурагчид өөрийн сурсан мэдсэн зүйлээ өөр өөрийн анги хамт олондоо заан сургаж олон сурагчдыг хамруулж байгаа нь дугуйлангийн цар хүрээ өргөжин тэлж буйг харуулах байхаа. Энэ ажлаараа 2014 онд Сэлэнгэ аймгийн Хүүхдийн ордноос зохион байгуулсан “Хүүхэд хөгжүүлдэг багш” номинацид тэргүүн байрт шалгарч байлаа. Түүнчлэн хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх талаар 2015 оны 05 сард Дэлхийн зөн ОУБ-д төсөл бичин дэмжүүлж,  2016 онд хэрэгжихээр болоод байгаа. Мөн Дэлхийн зөн ОУБ-тай хамтран сургуулийнхаа 280 гаруй сурагчдын дунд мэндчилгээний уралдаан зарлан явуулж, ангийн сурагчдыг идэвхтэй оролцуулж, гурван ангид  ус шүүгч, 90 гаруй сурагчийг шүүсэн ус тогтмол уух боломжоор хангасан. Бас 2015 оны 05 сард Монфрэш компаниас зохиосон “Шилдэг бүтээл”-ийн улсын уралдаанд манай хүүхдүүд тусгай байр эзэлж, 120 ширхэг ундаагаар ангийн сурагчид маань шагнуулсан гээд амжилт дүүрэн байгаа.

-Мэдээж хүүхдүүдээ хөгжүүлж байгаа багш хүн өөрөө илүү их хөгжсөн байх ёстой байх л даа. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Мэдээж багш хүн өөрөө хөгжсөн байж, хүүхдүүдээ илүү хөгжүүлэх ёстой. Миний хувьд цаасан урлалаар өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. Хөтөл хотынхоо “Уран бүсгүйчүүд” ТББ-ын гишүүнээр ажилладаг. Би өөрийн мэргэжлээсээ гадна сонирхлоороо өөрийгөө их хөгжүүлэхийг хичээдэг. 2015 оны 6-р сараас хойш Дархан-Уул аймгийн мужаануудаас туршлага судалж, эх бичгээ сийлбэрийн урлагтай хослуулах эрдэмд суралцаж байна. Энэ ажлын маань анхны бүтээл монгол бичгэн хээтэй авдар сийлэн бүтээсэн маань надад амжилт авчирлаа. Мөн сумынхаа зарим нэг иргэдэд цаас болон модон сийлбэрээр хүссэн мэргэн цэцэн үгийг монгол бичгээр хийж өгдөг. Энэ маань эх бичгээ сурталчлан таниулах түүнээс суралцах, бахархах үзлийг л түгээж байгаагийн нэг хэлбэр юм даа.

Гэрэлмаа багшийн өөрийн болон шавь нарын амжилтаас цухасан дурдахад ийм байна. Түүний амжилт, хүүхдүүдийн амжилтыг тоочин бичих гэвэл олон нүүр хуудас шаардагдах бололтой. Очирваань шүтээнтэй, онгод авьяасаараа буцалж яваа энэ залуу багш бүсгүйн баруун гар төрмөлөөс олдмолд шилжсэн хэдий ч чин зүтгэл, хүсэл авьяас юуг ч даван туулах чадвартай, ямарч бэрхшээл үл саад болно гэдгийг харуулж байгаа юм. Тэрээр А.Найданжав, А.Найданзул хэмээх хоёр сайхан охин, амьдралын түшиг болсон сайхан хань Б.Адарсүрэнтэйгээ урагш тэмүүлэхийн их оргил өөд босоо монгол бичиг шигээ тэмүүлэн зүтгэж явна.

   Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ