Залуучуудын гарааны бизнест хөрөнгө оруулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-10-04 11:24:41

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлсэн гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” хөтөлбөрийн шилдэг оролцогчдыг аймгийн удирдлага хүлээж авч уулзаж 40 сая төгрөгөөр дэмжлэг үзүүллээ. Шинэ санал санаачилгаараа үеийнхнээ манлайлсан дөрвөн залууг бизнесээ өргөжүүлж, орон нутгийн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэхэд цаашид бүхий л талаар дэмжихээ энэ үеэр илэрхийлсэн.

Дээрх шинэ содон зүйлийг санаачилсан залуучуудаас “Green eye” буюу “Ногоон нүд” багийнхныг онцлууштай. Тус багийнхан элдэв химийн орц найрлагагүй эрүүл хүнс, хэрэглээний зүйлсийг худалдаалах “Био” дэлгүүрээ саяхан нээгээд байгаа юм. Тэд нийслэлд болон бусад аймагт үйлдвэрлэж байгаа байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг эрэлхийлж дэлгүүртээ худалдаалахаас гадна өөрсдийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна.

Тухайлбал, тал нутгийн хөмүүл, таана, мангир, жууцайгаар амталсан бууз банш, олон төрлийн дарсан ногоо, халгай, гар нүүрийн саван зэргийг нэрлэж болох юм. Саяхан л гэхэд залуус Монголын багш нарын баярын өдөрт зориулж мэндчилгээ урлаж худалдаалсан байна.

Дорнод аймгийн тухайд “START-UP” сургалтын төвийг байгуулж, бүтээлч сэтгэлгээ, шинэ мэдлэг, инновацид суурилсан гарааны бизнесийг төрүүлэх, залуучуудыг сургаж, гарааны бизнесээ эхлүүлэх мэдлэг чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэхийг чухалчилж байна.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ