НҮБ: Сирид 2 сая хүүхэд сурч чадахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-16 15:42:08

ЖЕНЕВ. /VOA/. Дайн болон хүчирхийллийн улмаас Сирид хоёр сая гаруй хүүхэд сургуульд сурч чадахгүй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн гаргасан тайлан харууллаа.

ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, байлдааны ажиллагаа эрчимжиж байгаа болон үүнтэй холбоотойгоор хүмүүс олноороо дүрвэж байгаагийн улмаас энэ онд нэмээд 400 мянган хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна.

Бүх нийтэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх зорилтод дайнаас өмнө Сири бараг хүрэх гэж байжээ. Бичиг үсэг тайлагдалтын түвшин 90 гаруй хувьтай байсан аж. Харин тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй дайн тус улсын боловсролын салбарын ололт амжилтыг арчин хаяжээ.

ЮНИСЕФ-ийн тайлангаас үзвэл, Сирийн сургуулийн насны 6.4 сая хүүхдийн бараг гуравны нэг хувь нь сургуульд явахгүй байна. Огт сургуульд сурч байгаагүй ч хүүхдүүд байгаа ажээ.

Мөн байлдааны ажиллагааны үеэр эвдэрч сүйдсэний улмаас 5000 сургууль ашиглагдах боломжгүй болсон гэж ЮНИСЕФ мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд