Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин сэргээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-21 12:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцахаар Баянгол дүүргийн 47 сургуулийн 8 "А" бүлгийн Эрүүл мэндийн хичээлд суулаа.

Үндэсний сургагч багш Ц.Дийдэрмаа Эрүүл мэндийн хичээлийн хүрээнд хувцасны төрөл ба эрүүл ахуйн дэглэм сэдвээр сурагчдад хичээл зааж, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслах нь эрүүл мэндэд ямар тустайг ойлгуулсан.

Мөн Сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хүний биед ямар ашиг тустай вэ зэрэг мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн хичээлээр дамжуулан сурагчдад олгох юм. Сургуулийн хөтөлбөрт ийнхүү эрүүл мэндийн хичээлийг дахин оруулж эхэлсэн нь эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг сургуулийн захиргаа онцлов.

Сурагчдад Эрүүл мэндийн боловсрол олгох, багаасаа энэ төрлийн мэдлэг, мэдээлэлтэй байх нь ирээдүйн хойч үед хэрэгтэй учир 5 жилийн дараа дахин эрүүл мэндийн хичээлийг сэргээв. Хичээл  хүүхдүүдэд хэт их ачаалал өгөхгүй, энгийн ойлгомжтой байдлаар заах юм.

Холбоотой мэдээ