Иргэдийн хөдөлгөөн идэвхжиж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:45:51

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв талбайд өчигдөр үдийн алдад олон хүн цугларч, нэг эсгий гэр барьжээ.

Тэр гэрийн хажуугаар өнгөрч яваа хүмүүсийн нэг нь, -Удахгүй болох ойн баяруудыг угтан баригдаж байгаа гэр биз дээ гэсэн бол нөгөө нэг нь, -Үгүй байлгүй, баярынх бол цагаан өргөө байдаг шүү, энэ нь бор гэр юм байна. Ямарваа нэг эсэргүүцлийн байдалтай харагдаж байгаа шүү. Арван хэдэн жилийн өмнө энд удирдлагынханд гомдлоо илэрхийлсэн, улс төрийн хүчнүүд бие биеийгээ эсэргүүцсэн ийм гэрүүд үе үе босч ирээд тэдгээр гэрт жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг улс төрийн тэмцлийн янз бүрийн хэлбэр илэрхийлэгддэг байснаа үзэгдэхээ байсан. Гэтэл дургүйцэл, эсэргүүцэл дахиад мандаад эхлэх нь дээ гэв.

Аймгийн ЗДТГ-ын өмнөх энэ талбайд босгосон уг гэрийн учрыг лавлахад нэр, албан тушаалаа нууцалсан нэгэн эмэгтэй, -Аймгийн дарга нар хууль тогтоомжийг өөрсдөө зөрчиж хэрээсээ хэтрэн, олон түмний дургүйцлийг төрүүлсээр байна. Энэ гэр бол улс төрийн тэмцэгчдийн байр. Үүнийг ямарваа нэг намын зүгээс зохион байгуулаагүй, иргэдийн хөдөлгөөн гэж болно. Бид янз бүрийн үзэл бодлын хүмүүс. Саяхан Өлгийд хүүхдийн дөрвөн цэцэрлэг байгуулагдсан. 60 орчим ажлын байр бий болно гэж аймгийн эрхэм дарга нар иргэд биднийгээ баярлуулж байсан. Хууль дүрмийн дагуу зохих зарчим ёсоор тэнд ажиллах хүмүүсээ сонгон шалгаруулаад авна биз гэж бид найдаж байсан. Гэтэл дарга нар «өөрсдийнхөө» хэдэн хүний нэрсийн жагсаалтыг гаргаад, эднийг ажилд аваарай гэчихээд өөрсдөө нийслэл хот руу явчихсан байна. Бид үүний талаарх эсэргүүцлээ тайван байдлаар илэрхийлэх гэсэн чинь хүчний байгууллагаас гэрийг буулгахыг шаардаж байна гэж тайлбарлалаа.

                                                                                                                             Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ