Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-24 09:59:48

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын ээлжит YI хуралдаанаар  аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр ажилд томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, 39 төлөөлөгчийн 25 нь Б.Дүгэржавыг Засаг даргаар томилуулах саналыг дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 21-нд захирамж гаргаж Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар батламжилжээ. Засаг даргаар томилогдсон Б.Дүгэржав аймгийн Боловсрол соёлын газрын дарга мөн хувийн хэвшилд барилгын компанийн захирлын алба тус тус хашиж байжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Засаг даргаар томилогдсон Б.Дүгэржавд аймгийн Засаг даргын болон Баруун бүсийн зөвлөлийн тамга, тэмдгийг албан ёсоор гардуулав. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Жаргалсайхан болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид байлцаж  ард иргэд, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө  хариуцлагаа ухамсарлаж,  эрч хүчтэй  хичээж ажиллахыг хүсэв. 


А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ