ЕБС-ийн сурагчид Хотын түүхэн дурсгалт газраар аялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 158 улс орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг “Аялал жуулчлал ба цахим хувьсал” уриан дор Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын санаачилгаар 1979 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд аялал жуулчлалын салбарын ач холбогдол, үр өгөөжийг нийгэм, улс төр, соёл, эдийн засгийн гол салбаруудад таниулах гол зорилготой.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хувьд энэхүү тэмдэглэлт өдрийг Улаанбаатар хотноо жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран салбарын уулзалт семинар, нээлттэй хэлэлцүүлэг, “Гранд Тур-2018” аялал жуулчлалын оюутны улсын олимпиад, “Аялал жуулчлал ба Цахим хувьсал” сэдэвт телевизийн ярилцлага, зочид буудлуудын нээлттэй танилцуулга өдөрлөг, хотын аялал “City Tour Bus” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй олон улсын стандартыг ханган ажиллан ажилладаг “Холидэй Инн” зочид буудал 5 одны, “Рамада Улаанбаатар сити центр” болон “Роял Хаус”зочид буудал 4 одны, “Хүннү Палас зочид буудал болон “Дээдэс” зочид буудал 3 одны зэрэглэл тус тус ханган батламжаа гардан авлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эл өдрөөр Монголын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран нийслэлийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулан “Хотын аялал”-ыг зохион байгуулж байна. Аяллаар сурагчид “Сити тур” төслийн 2 автобусаар хотын түүхэн дурсгалт газрууд, музей, зочид буудал, аялал жуулчлалын онцлог газруудтай танилцах юм.