А.Балжинням: Малын түүхий эдийг үнэтэй болгочихвол малчид хөгжлөөс хоцрохгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс МОНЦАМЭ/. Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн малчин Аюушийн Балжиннямтай ярилцлаа. Тэрээр хуучин нийгмийн үеийн сүүлчийн илгээлтийн эзэн, өнөө цагийн чанартай, алсын хараатай малчдын нэг юм.
-Та хэдийнээс малчин болсон бэ?
-Би 1988 онд наймдугаар ангиа төгсөөд Хяргас нуур багт ирж илгээлтээр малчин болж байлаа. Дараа нь 1990-1992 онд цэргийн алба хааснаас хойш 26 жил мал маллаж байна. Миний аав Хяргас сумын анхны мянгат малчдын нэг. 2007 онд Монгол Улсын аварга малчин болсон Ш.Аюуш гэж хүн байлаа. Би ах дүү наймуулаа. Тав нь нь малчин болсон.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Ам бүл зургаа. Гэргийг маань Түдэвийн Долгор гэдэг. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Том хоёр охин оюутан, бага охин 10 дугаар анги, бага хүү энэ жил сургуульд орсон. Манайх өвөл, хаврын цагт туслах малчин авч ажиллуулдаг. Зуны дэлгэр цагт хүүхдүүд ирэхээр өөрсдөө малаа малладаг. Энэ жил манай нутагт цас их орж, хүндхэн өвөл болсон ч бид малын хорогдол гаргалгүй, 300 гаруй төл бойжуулсан.
Нийт 900 гаруй малтай. Тэмээнээс бусад бүх мал бий. Нийт малын 30 хувь буюу 300 орчим нь ямаа. Энэ жил 90-100 мянгад ноолуураа өгсөн. Урд жилүүдийг бодоход овоо сүрхий орлоготой шүү. Би 2017 оны өвөл сумын сайн малчин болсон. Бас МЗХ-ны Тэргүүний залуу алтан медальтай. Миний хувьд захиргаадалтын үеийн бараг сүүлчийн илгээлтийн эзэн малчдын нэг. Одоо 46 настай. Малчдыг эрт тэтгэвэрт гаргахаар болсон нь сайшаалтай. Иймээс нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлөөд явж байгаа.
-Мал сүрэг их өсөх нь бэлчээрт халгаатай гэдэг. Танай суманд ямархуу байна?
-Бэлчээрийн даац хэтэрсэн тул малынхаа тоонд биш чанарт анхаардаг болсон. Сүүлийн жилүүдэд малынхаа тоог 800-900 орчимд тогтоож байгаа. Малын тоо багасахаар зардлаа дийлэхгүй тул үүнээс доошлуулдаггүй. Сүүлийн үед манай нутагт хадлан авах өвс ургахаа больсон. Хадлангаа гаднаас худалдан авч байна.
Мөн малын түүхий эд үнэгүй, махны ханш бага. Нэг төлгийг 50 мянган төгрөгөөс дээш үнээр зарж чадахгүй байгаа. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ ханш өдөр тутам нэмэгдсээр. Манай аав ээж хоёр насаараа мал малласан хүмүүс байсан. Ээж Т.Дүүдэй маань залуудаа Монголын эмэгтэйчүүдийн гуравдугаар их зөвлөлгөөнд оролцож явсан.
-Голчлон хаагуур нутагладаг вэ?
-Хяргас нуурын хөвөөний наахна Сарвахт өвөлжиж, Зүүнговийн Зэлийн голоор хаварждаг. Жилдээ 17-18 удаа нүүж суудаг. Нэг талдаа гэхэд 120 км газар нүүдэг. Манай багийн малчдын ихэнх нь ингэж нүүдэг.
-Хүүхдүүдээ малчин болгох уу?
-Ихэнх нь охидууд болохоор их дээд сургуульд сургаж байна. Мал баталгаатай хөрөнгө биш тул хүүхдүүдээ сургахаас өөр арга алга. Гэтэл оюутан сургахад бас өндөр зардал гарч байна. Энэ жил нэг оюутан нэмэгдэж, хоёр оюутантай болсон тул зардал өссөн.
-Таныг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог гэж сонслоо?
-2016 оноос Хяргас сумын ИТХ-ын төлөөлөгчөөр Хайрхан багаас сонгогдон ажиллаж байна. Багийнхаа ард иргэдийг төлөөлж, сумын хуралд сонгогдон тэдний дуу хоолой болж яваадаа баяртай байдаг.
-Малчдын хувьд нэн түрүүнд шийдэх асуудал гэвэл та юуг хэлэх вэ??
-Эдүгээ цөөхөн малтай байх хэцүү. Дор хаяж 500-гаас дээш малтай байж амьжиргаанд хүрч байна. Малын түүхий эдийг үнэтэй болгочихвол хөдөөний малчид хөгжлөөс хоцрохгүй ээ. Интернэттэй, зурагттай, хөлдөөгчтэй, угаагчтай гээд малчид бүхий л зүйлсийг хэрэглэдэг болсон.
Одоо орлогыг нь жаахан нэмэгдүүлэхэд л болчих. Үүнээс гадна малчин хүмүүс өөрсдөө малаа гардаж маллах хэрэгтэй. Хүнээр малаа маллуулаад өсгөхөд хэцүү. Өвлийн бэлтгэлээ сайн хангачихвал ямар ч хүндэрсэн нөхцөлд малаа аваад үлддэг юм. Иймээс өвлийн бэлтгэлээ эртнээс сайтар базаах хэрэгтэй гэж залуу малчиддаа хэлэх байна.
-Ярилцсанд баярлалаа
Б.Батхүү