Баянзүрх баг шинэ Мэдээллийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-10-03 16:22:52

  Увс /МОНЦАМЭ/. Сагил сумын Баянзүрх багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар 40 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий шинэ багийн Мэдээллийн төв баригдаж нээлтээ өнгөрсөн ням гарагт хийжээ. Багийн төвийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат болон сум орон нутгийн удирдлагууд оролцож багийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэсэн байна. Багийн мэдээллийн төвийн барилгын ажлыг Ч.Дүгэрсүрэн захиралтай “Дүрт уул” компани гүйцэтгэжээ.

Сагил сумын Баянзүрх баг нь 120 гаруй өрх, 600 гаруй хүн амтай хөдөөгийн баг юм. Тус багийн ард иргэд “Цагаан шувуут”, “Саальт хүрэн”, “Их наяд”, “Аргалт хариг” зэрэг нөхөрлөлийн гишүүнээр элсэж, өөрсдийн газар нутаг, бэлчээр ус, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, хөгжүүлэх асуудлыг шийдэхэд манлайлан оролцож иржээ. Баянзүрх багийн ард иргэд өөрсдийн гэсэн шинэхэн Мэдээллийн төвтэй болсондоо сэтгэл өндөр байна.

                                                                                                                                           Б.Батхүү

Холбоотой мэдээ