Хилчдийн хүүхдийн боловсролд зориулж 2 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 12:18:06

Хил хамгаалахад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн хурал хоёр өдрийн өмнө  болж 2015 оны ажлын тайлан, 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалахад туслах хүчний орон тооны бус Зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан удирдаж, хил хамгаалахад туслах үйл ажиллагаанд оролцогч талуудын үүрэг хариуцлага чухал болохыг онцолж, хилийн албаныхан, улсын хилийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгааг сайшаалаа. 

Хил хамгаалах  орон тооны бус зөвлөл  жил бүр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж  хил хамгаалалтад хамтран оролцдог байгууллагуудыг нэгдсэн чиг үүргээр хангаж, орон тооны бус зөвлөлүүд оролцож санал бодлоо хувалцдаг.

Хил хамгаалах туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга дэд хурандаа Э.Энхтайван “Монгол Улсын хил өргөн уудам нутагт хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ үүргийг ганц цэргийн хүчээр биелүүлэхэд амаргүй. Ийм учраас улс орны хил хязгаарыг хамгаалах, оршин суугчдын аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад орон нутгийн оршин суугчдын туслалцаа дэмжлэг чухал“ гэлээ.
Ховд аймгийн засаг дарга хилийн бүх заставуудыг интернэт сүлжээнд холбон, орон байраар хангаж, заг түлшинд хэрэглэхийг зогсоож, нам даралтын цахилгаан  зуухтай болгож, хил хамгаалахад оролцдог орон нутгийн оршин суугчдад шагнал урамшуулал олгох зэргээр хилчдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар тусламж дэмжлэг үзүүлсэн  байна.

2015 онд хилийн дэглэмийн 5, хил орчмын 5 зөрчил илрүүлж, бэлчээрээр улсын хил давж орж ирсэн малыг буцааж, хилийн тэмдгийн чиглэлээр хятадын талаас жижиг оврын онгоц хилийн шугамын дагуу нислэг хийснийг хятадын талд мэдээлж, дотоодын улсын хилд 133 адууг  илрүүлж болзошгүй хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж 113,1 сая төгрөгийн хохирол барагдуулж, хууль бусаар 7 хүн алт олборлож байсныг илрүүлж холбогдох байгууллагад  мэдээлсэн байна.

Ховд аймгийн Засаг дарга, Хил хамгаалахад туслах хүчний орон тооны бус Зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан хилчдийн хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс хүүхэд асрах үйлчилгээнд зориулж 2,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ