Аль-Багдадигийн эхнэр Ирак дахь террористуудын хуарангаас алга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-29 12:42:16

АБУ-ДАБИ. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадигийн эхнэр Иракийн хойд нутагт оршдог Найнава муж дахь хэт давруу үзэлтнүүдийн хуарангаас нууцлаг байдалтайгаар алга болсон тухай телевизийн "Ас-Сумария" суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, “Лалын улс”-ын толгойлогчийн эхнэр болох Герман үндэстэн Диана Крюгер тус бүлэглэлийн байраас нууцлаг байдалтайгаар алга болсон бөгөөд хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй байна”.  Аль-Багадигийн эхнэрийн хамт дэргэд нь байнга хамт байдаг, туслах нь болох хоёр эмэгтэй алга болжээ.

Эхнэрийнхээ байгаа газрыг олж тогтоохын тулд “Лалын улс”-ын толгойлогч бүлэглэлийнхээ элитүүдийн отрядыг явуулахыг тушаасан байна. 

Абу Бакра аль-Багдади,  Диана Крюгер хоёрын хурим өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нд Иракийн Найнава мужид маш нууц байдалтай болжээ. Гэрлэх ёслолын дараа тэд одоог хүртэл “Лалын улс”-ын хяналтад байгаа Иракийн хоёр дахь том хот Мосул руу явсан байна. Гэхдээ аль-Багдади Мосул хотод байгаа эсэх эсвэл тэрбээр Сирид очсон эсэх талаар одоог хүртэл өөр өөр мэдээлэл ирж байгаа юм.

Диана Крюгер аль-Багдадитай хуримласны дараа “Лалын улс”-ын эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн “шариатын шүүх”-ийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байжээ. Энэ шүүх нь террористуудын эзлэн авсан Иракийн мужуудад үйлд ажиллагаа явуулж байсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ