Ж.Батсуурь: Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-11 12:06:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль 10 дугаар сарын 07-нд болж, АН-аас нэр дэвшсэн Ж.Батсуурь ялалт байгуулсан. Өмнө нь хоёр намын суудлын тоо тэнцүү байсан бол нөхөн сонгуулийн дүнгээр АН олонх болжээ. ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсуурьтай уулзаж зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Орон нутгийн нөхөн сонгууль чухам ямархуу байдалтай болсон бэ? 

- Өмнөх 2016 оны сонгуульд Сүхбаатар аймагт АН олонх болсон боловч хууль шүүхийн байгууллагаар явсаар нөхөн сонгууль болох дээрээ хүрсэн. Улмаар энэхүү сонгуульд АН-ын удирдах зөвлөл, нийт гишүүд намайг нэр дэвшихийг үүрэг болгосон. Тиймээс би энэ саналыг хүлээн авч сонгуульд оролцсоноор нийт сонгогчдын 72 хувийн саналыг авч ялалт байгууллаа. Энэ сонгууль үнэхээр ширүүн бөгөөд чухал сонгууль байлаа. Зөвхөн нэг багийн юм уу эсвэл нэг тойргийн сонгууль биш. Аймгийн ИТХ их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн юм. Энэ бага ард түмнээс аймгийн удирдлага, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл алсыг харсан бодлогууд хэрэгжих ёстой. Гэвч өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АН-ын бодлого хэрэгжих боломж байхгүй, ихэнх боловсон хүчнүүд нь халаа сэлгээнд орсон байдалтай байлаа. Тэгэхээр зогсоод байсан энэ бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх боломж энэ удаагийн сонгуулиар АН-д дахин олгогдлоо. Мөн энэ сонгуульд ялалт байгуулсанаар аймгийн АН түүхэн дэх дөрөв дахь ялалтаа авсан онцгой үйл явдал болж байна. Нөгөө талаар намайг найман жил засаг даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлж байсан ажлуудын зарим нь зогсонги байдалтай байсан гэдгийг иргэд хэлж, ийнхүү дүнгээ тавих шиг боллоо.


-АН-ын бодлого хэргжих боломжтой боллоо гэж та сая хэллээ шүү дээ. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сая сонгогдсон тойрог болох хоёрдугаар багтаа түлхүү анхаарч ажиллах уу?

-АН-ын мөрийн хөтөлбөр бол Сүхбаатар аймгийн алсын том том бодлогын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой хөтөлбөр гэж үздэг. Хоёрдугаар багийн хувьд цаашид баг гэж ямар байх ёстой юм, багийн иргэд ямар байх вэ гэдгийг харуулж, жишиг байдлаар энэ багийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Төсөл хөтөлбөрүүд нь ч бидэнд бэлэн байгаа учир хоёрдугар багийнхаа ард иргэдэд үлгэр жишээ багт ажиллаж амьдрах, хамтран олон зүйлийг хийх боломж бүрдэж байгаа юм. Бид мөрийн хөтөлбөрөө багт тарааж, түүнээс тус багт хийгдэхээр юу байна, түүнийг хэрхэн хийж хэрэгжүүлэх вэ гэдгээ танилцуулсан. Бид иргэдийн санаж хүлээж байгаагаас илүүг хийж чадна. Тиймээс энэ дашрамд сонгуульд идэвхитэй оролцсон, амжилттай зохион байгуулсан бүхий л хүмүүстээ талархал илэрхийлж, сайн сайхныг хүсч байна.


-Яг одоогоор аймагт МАН төр барьж байна. Та аймгийн ИТХ-д орж ирсэнээр АН 17, МАН 16 төлөөлөгчтэй болж, АН олонх боллоо шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн хамгийн их анхаарал татаж буй зүйл бол АН-аас Засага дарга томилогдох уу, төрийн албаны халаа сэлгээнүүд дахиад хийгдэх үү гэдэг зүйл үүсээд байна л даа?

-1992 онд шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш долоон удаагийн сонгууль болж байна. Энэ үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол ИТХ мөн гэж заачихсан, ИТХ олонхоороо хуралдах ёстой гэсэн хуультай. Ямартай ч бид олонх боллоо, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн намын боловсон хүчнүүд өөр өөрийнхөө байранд очих ёстой. Гэхдээ миний бие дахин засаг дарга болъё гэсэн хувь хүний хүсэл алга. Монгол Улсын ерөнхий сайдтай ойрын хугацаанд уулзана. Өнгөрсөн хугацаанд гаргасан Ж.Эрдэнэбатын Засгийн гзрын алдааг энэ ерөнхий сайд давтах уу үгүй юу гэдэг нь тухайн намын бодлогын асуудал байх. Бидний хувьд сандал ширээтэй зууралдахгүй. Гэхдээ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн боловсон хүчнүүдийн томилгоог хийлгэх тал дээр анхаарч ажиллана. Ер нь нэг аймагт 50 орчим улсын төсөвт агентлаг албад байдаг. Босоо томилгоот газруудын томилгоог сайд нар хийдэг учир хөдлөхгүй байх гэж бодож байна. Харин орон нутгийн томилгоонууд бол ард түмний хүсэл эрмэлзлэлд тусаж байх ёстой гэсэн үндсэн хуулийн зарчим байгаа. Тэгэхээр энэ зарчмыг хэрэгжүүлэх эсэх нь шууд Монгол Улсын ерөнхий сайдаас хамаарна. Бидний хувьд заавал Ан-аас Засаг даргаа сонгоно гэсэн зүйл байхгүй. Ер нь ямар ч нам ард түмэнд чадахаа амлаж, амалсанаа хийдэг байх ёстой. Ард түмэн ийм л зүйлд дүнг нь шударгаар тавиад сурчихсан байна шүү дээ. Үүнийгээ ч сая баталлаа.


-Таны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Энэ ажлаа яах вэ?

-Энэ бол улс төрийн албан тушаалтан учраас нэр дэвших боломж бүрдэж байгаа юм. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ бүх зүйл хамаарна. Мэдээж орон нутгийн хэм хэмжээ, үндсэн хуулийн зарчмаа барина гэвэл надад олон давхар дээлний хэрэг байхгүй. Хэрвээ үгүй гэх юм бол би ИТХ-ын төлөөлөгчөө, ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхтэй хийгээд явахад харшлах зүйл байхгүй. Харин ч энэ Сүхбаатарчуудад, хоёрдугаар багт, энэ нутгийн ард иргэдэд хэрэгтэй. УИХ, Засгийн газарт аливаа асуудлыг оруулахад, төрд бидний мэдээлэл шууд очих давуу талтай. 


-Намуудын талцал хагарал бутрал залуучуудад маш сөргөөр нөлөөлж тэднийг хооронд нь талцуулах байдлыг үүсгэж байна. Нэг нэгнээ гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрч, үүгээрээ олны анхаарлыг татаж, аймаг орон нутгийн нэр хүндийг ч унагаж байна. Би үүнд харамсдаг. Тэгэхээр цаашид бид энэ чигээрээ л байх уу. Үүнийг зөв замд нь оруулах боломж байгаа болов уу?

-Энэ мэдээж боломжтой. Үүнийг засахын тулд шууд эх үүсвэртэй нь л ярих ёстой. Нөгөө талаар энэ бол улс төрч хүний хувь хүний соёлоос их хамааралтай. Хууль бус зүйлээр нэг нэгнээ гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрсэн. Гэхдээ иргэд үүнээс үнэн мөнийг ялгаж сурсан байна. Ер нь цаашид ийм муухай үйлдлийг хийхгүй байх ёстой. АН-ын зүгээс бол саяын сонгуульд худал хуурмаг гэхээсээ илүү үнэн  бодит зүйлийг олонд цацсан зүйл хийсэн. Ер нь бол таны хэлсэнтэй санал нэг байна. Үнэхээр энэ байдал олон хүний санаа сэтгэлийг зовоож байгаа зүйл. Үүнийг үгүй хийхийн тулд аль аль тал нь гүжирдлэг гүтгэлэг хийхгүй, хуулийн дагуу байхад л болно. Монгол хүн хуулийн дор амьраад сурчихвал хэн ч амар тайван амьдарч болно. Үгүй болохоор л жижигхэн зөрчлөөс нэг нэгнээ давж гарах гэсээр ийм хурцадмал байдлыг үүсгээд байгаа юм.  


-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье?

-Баярлалаа, та бүхэнд мөн амжилт хүсье.

Т.Одончимэг

 

Холбоотой мэдээ