ӨМНӨГОВЬ: Жижиг ойн зурвас шувуудын амьдрах таатай орчин болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 70 сая мод тарихаар зорьж байна. Жил бүр нэг иргэн 9 мод, байгууллага 90 мод тарих уриалга гаргаж, бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хамтран говийг ойжуулах ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд “Энержи Ресурс” ХХК 2011 оноос цөлжилтийг бууруулах зорилгоор 10 га талбайд мод тарьж эхэлсэн бөгөөд энэхүү ойн зурвас өдгөө салхины хамгаалалт үүсгэх ногоон төгөл болж, хайлаас, улиас, жигд, сухай, чацаргана зэрэг 5 төрлийн 12 мянган модтой болж, 85 дээш хувь нь ургажээ.
Энэ жижиг ойн зурвас дотор ургаж буй ургамлын төрөл зүйл нь гадна талбайгаас 3 дахин олон учраас шувуудын амьдрах орчин болж байгааг байгаль орчны мэргэжилтэн онцож байна.
Говийн
бүсэд ойн зурвас нэмэгдсэнээр тухайн бүс нутгийн биологийн
төрөл зүйлүүд хамгаалагдах, уур амьсгалын хурдацтай өөрчлөлт буурах, говийг
тогтвортой, урт хугацаанд ойжуулах, Монгол Улсын таримал ойн сан нэмэгдэх, агро-ойжуулалтын
аж ахуйн хөгжил түргэсэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.