Туркт алга болсон Жамаль Хашкажи гэж чухам хэн бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-10 13:46:26
МОСКВА. /ВВС/. Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашкажи аравдугаар сарын 2-нд Туркийн нийслэл Истанбул хот дахь улсынхаа Ерөнхий Консулын газар гэр бүл салгах бичиг баримт бүрдүүлэхээр очсоныхоо дараа алга болсон билээ. Тэрбээр чухам яагаад алга болов? Жамаль Хашкажи гэж чухам хэн бэ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэлжээ.
Түүнийг Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газар руу орсных нь дараа дахиж хэн ч хараагүй юм. Туркийн эрх баригчдын мэдээлж буйгаар, Ерөнхий Консулын газрын ойролцоо байрлуулсан камерын бичлэгээс үзэхэд сэтгүүлч Консулын газраас гарч яваагүй байна.
Хашкажиг Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газарт хөнөөсөн байж болзошгүй гэж Туркийн эрх баригчид таамаглаж байгаа аж. Харин Саудын Арабын эрх баригчид энэ таамгийг эрс няцааж байгаа бөгөөд алга болсон сэтгүүлчийг мөн хайж байгаагаа мэдэгдсэн юм.
Хашкажигийн сүйт бүсгүй болох Туркийн иргэн Хатиже Женгиз Консулын газрын ойролцоо түүнийг хүлээж байжээ. Хэрэв Консулын газраас буцаж гарч ирэхгүй бол Туркийн эрх баригчидтай холбогдоорой гэж Хашкажи дипломат төлөөлөгчийн газар руу орохоосоо өмнө сүйт бүсгүйдээ хэлсэн байна. Сэтгүүлч өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт орон нутгийн цагаар 13 цагт дипломат төлөөлөгчийн газарт орсон бөгөөд сүйт бүсгүй нь түүнийг шөнө дунд хүртэл хүлээсэн боловч гарч ирээгүй байна.

Усама бен Ладены найз
Өдгөө 59 настай Жамаль Хашкажи нь Саудын Арабын эрх баригчдыг, тухайлбал, шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайдын албыг хашдаг угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманыг хамгийн тууштай шүүмжлэгчдийн нэг гэдгээрээ алдартай.
Сэтгүүлчийн ажлыг дөнгөж эхлүүлж байхдаа Жамаль Хашкажи тухайн үед Барууны ертөнцөд бараг танигдаагүй байсан Усама бен Ладентай найз нөхдийн холбоо тогтоосон байна. Хожим нь Хашкажи Саудын Арабын хамгийн алдартай тэрс үзэлтнүүдийн нэг болжээ. Тэрбээр эрх баригчдаас “анхааруулга” авсныхаа дараа 2017 оны есдүгээр сард эх орноо орхин гарахаас аргагүйд хүрсэн байна.
Хашкажи ойр дотных нь хэд хэдэн найзыг баривчилсны дараа болон “al-Hayat” сонинд булан хөтлөхийг нь хориглосны дараа Саудын Арабыг орхин гарчээ. Тухайн үед “Твиттер” нийгмийн сүлжээнд блог хөтлөхөө болихыг түүнээс байнга шаарддаг байсан байна.
Саудын Арабаас явж, Истанбулд алга болох хүртлээ Хашкажи АНУ, Их Британи, Турк улсын хооронд үндсэндээ гурван улсад амьдарч байжээ.
Хилийн чандад очсон ч Хашкажи сэтгүүлчийнхээ ажлыг орхиогүй бөгөөд Саудын Арабын эрх баригчдыг шүүмжлэхээ зогсоогоогүй байна. Тэрбээр “Washington Post” сонинд хөтөлдөг буландаа улсынхаа эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилсэн үзэл бодлоо хуваалцдаг байв. Хашкажи "Твиттер" сүлжээнд 1,6 сая гаруй дагагчтай.
“Washington Post” сонин аравдугаар сарын 5-ны дугаартаа Хашкажигийн буланг “Алга болсон дуу хоолой” гарчгийн дор хоосон нүүртэй гаргажээ.

Афганистанд очсон нь
Хашкажи АНУ-д их сургууль төгссөнийхөө дараа 1985 онд эх орондоо ирж сэтгүүлчийнхээ ажлыг эхлүүлжээ.
1990-ээд онд тэрбээр “al-Madin” сонины сэтгүүлч байсан бөгөөд тухайн үед ихэвчлэн эх оронд нь халдан орсон Зөвлөлтийн цэргүүдэд эсэргүүцэл үзүүлж байсан Афганистаны лалын шашинт босогчдын тухай бичдэг байв. Хашкажигийн нийтлэлийн гол баатруудын нэг нь түүний нутаг нэгтэн, хожим нь Афганистанд Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж байсан можахедуудтай нэгдсэн Усама бен Ладен байлаа.
Хашкажи “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчтой хэд хэдэн ярилцлага хийснээ нийтэлж байжээ. Түүнийг хүүхэд байхаасаа л Усама бен Ладеныг Саудын Араб улсад амьдардаг байхад нь таньдаг байсан гэж үздэг.
Усама бен Ладен, 2001 год
Усама бен Ладенаас ярилцлага авахын тулд Хашкажи тухайн үед бен Ладены байсан Тора-Бора уулын агуйд очдог байжээ.Тэрбээр “Аль-Каида”-гийн толгойлогчтой бас нэгэн ярилцлагаа 1995 онд Судан улсад хийж байсан аж.
Он жилүүд өнгөрч Хашкажи 2011 онд Усама бен Ладентай найз гэдгээ Германы “Spiegel” сонинд ярьжээ.
Тухайн үед тэрбээр “Арабын орнуудыг худалдагдсан дэглэмээс чөлөөлөхийн тулд” ардчилсан бус, бас харгис хэрцгий арга ашиглах боломжтой гэж үздэг бен Ладены үзэл бодлыг урьд нь дэмждэг байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шинэчлэлийг дэмжигч
Гэвч Хашкажигийн үзэл бодол өөрчлөгдөж, Тэрбээр улс орныхоо хамгийн зоригтой, хамгийн дэвшилтэт сэтгэгчдийн нэг гэдгээрээ алдартай болжээ. Түүнийг лалын хэт давруу үзлийн шинжээч гэдэг утгаар Өрнөдийн хэвлэлүүдэд байнга дурддаг болсон байна.
Тэрбээр мөн олон жил Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүдтэй ойр харилцаатай байсан бөгөөд мэдээллээр маш сайн хангагдсан эх сурвалжид тооцогддог байв.
Хашкажи Арабын телевизийн хэд хэдэн сувагт эхлээд сурвалжлагчаар, дараа нь ерөнхий редактороор ажиллаж байжээ.
Саудын Арабад лалын шашны үзэл санааны чиглэлд зонхилдаг салафизм буюу зөнчийн болон түүний хамтран зүтгэгчид, зөв шударга өвөг дээдсийнх нь жишээг чиг баримжаагаа болгохыг уриалдаг үзлийг шүүмжилснийхээ төлөө “al-Watan” сониныг хоёр ч удаа орхихоос аргагүйд хүрч байв. Тэрбээр эхний удаа 2003 онд ажлаасаа гарсан бол хоёр дахь нь 2010 он юм.
Сэтгүүлчийн ажлаа түр орхисны дараа Хашкажи 2000-аад оны үед Их Британид Саудын Арабын Элчин сайдын албыг хашиж, дараа нь АНУ-д улсаа төлөөлөн сууж байсан хунтайж Турки ибн Фейсалын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д халдлага үйлдэхээс өмнө хунтайж Турки ибн Фейсал Саудын Арабын Тагнуулын байгууллагыг удирдаж байжээ.
2010 онд Саудын Арабын тэрбумтан Аль-Валид ибн Талал Аль Сауд Бахрейнд төвтэй телевизийн шинэ суваг болох “Al-Arab”-д ерөнхий редакторын албыг Хашкажид санал болгосон байна.

Арабын хавар
“Al-Arab” суваг эхэндээ Катараас санхүүждэг “Al-Jazeera” сувгийн гол өрсөлдөгч байв. Гэвч Хашкажигийн удирдаж байсан телевизийн сувгийг удахгүй хаасан байна. Энэ нь Бахрейны сөрөг хүчний алдартай хүнтэй хийсэн ярилцлагыг нэвтрүүлсэнтэй холбоотой.
Хашкажи гадаадын хэвлэлүүдэд ярилцлага өгч Саудын Араб улсад ноёрхсон хаанчлалыг шүүмжилдэг байв. Улс орныг тогтвортой хөгжүүлэхийн тулд ардчилсан тогтолцоо зайлшгүй шаардлагатай гэж мэдэгддэг байлаа.
Арабын хаврын хувьсгалын үеэр Хашкажи Египет, Тунист шинэчлэл хийхийг шаардаж байсан сөрөг хүчний талд байжээ.
Түүний үзэл бодол Арабын орнуудад үүссэн үймээн самуун дэглэмд нь аюул учруулна гэж болгоомжилж байсан Эр-Риядын албан ёсны байр суурьтай шууд зөрчилдөж эхэлсэн байна.

Трамптай найзлах хэрэг байсан уу?
2016 оны арванхоёрдугаар сард Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдмогц түүнтэй холбоо тогтоож эхэлсэн бөгөөд Эр-Риядын энэ үйлдлийг Хашкажи шүүмжилж эхэлжээ.
портрет Хашогги
Эр-Рияд болон Трамп хоорондын харилцааг шүүмжилж эхэлмэгц нийтлэлээ хэвлүүдэд гаргахыг Хашкажид хориглосон гэж Арабын хэвлэлүүдэд дурдсан байна.
2017 оны зургадугаар сард Саудын Арабын эрх баригчид өөрсдийнх нь террорист байгууллагад тооцдог “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг Катар улс дэмжиж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн тус улстай дипломат харилцаагаа тасалсан билээ.
Хашкажи Саудын Арабын эрх баригчдын дээрх шийдвэрийг мөн л шүүмжилж, Катарын холбоотон болох Турк улстай Саудын Араб нягт холбоо тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр 2017 оны есдүгээр сард эх орноосоо гарч АНУ-д очихдоо тэрс үзэлтнүүдийг мөрдөн тагнаж байна гэж угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманыг буруутгажээ.

"Яг Путин шиг"
“Би гэрээ, гэр бүлээ, ажлаа орхисон, би дуугүй байж чадахгүй. Хэрэв би өөрчлөгдөх юм бол шоронд зовж шаналж байгаа тэр хүмүүсээс урвасан хэрэг болно. Олон хүн ярьж чадахгүй байгаа зүйлүүдийг би ярьж чадна” гэж тэрбээр эх орноо орхин гарахдаа хэлжээ.
“Мохаммед бин Салман яг Путин шиг аяглаж байна гэж хэлмээр байна. Тэр маш сонгодог шударга ёсыг ашиглаж байна” гэж Хашкажи “Washington Post” сонинд хөтөлдөг буландаа бичиж байв.
Хашкажи Истанбул хот дахь улсынхаа Консулын газар очих хүртэл Саудын Арабын эрх баригчдын үйлдлийг шүүмжлэхээ зогсоогоогүй юм.
Үүнээс хойш түүнийг хэн ч хараагүй.


Холбоотой мэдээ