Төрийн үйлчилгээг нэг дороос авах төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-18 09:26:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Найрамдлын Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 57 жилийн ойг тохиолдуулан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах  зорилгоор “Бирж”  буюу Дархан-Уул аймгийн хамгийн том худалдааны төв болох Дархан зах дотор нийтийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж нээлт хийлээ.

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломжийг иргэддээ ойртуулах үүднээс бид хотынхоо ойн өдөр “Дархан зах дотор нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр ашиглалтад оруулж байна. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чухал ажил гэж Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат онцолсон.

 Энэхүү төвөөр "Дархан-Ус суваг" ХК, "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэл зэрэг 18 орчим байгууллагын 100 гаруй нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх аж. Ингэснээр хуучин Дарханы буюу Дархан сумын I-VIII багийн 40 орчим мянган иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай чирэгдэлгүй авах боломж бүрдэж байна.

Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан сумын Засаг дарга, Шарын гол сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар Шарын гол ХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд "Бирж" буюу Дархан зах дотор “Нийтийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн үүд бий болгосон ажээ. 

2007 онд Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр" батлагдсан бөгөөд үүний дагуу Дархан-Уул аймагт 2009 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, орон нутгийн төсвийн 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нэг цонхны үйлчилгээ” байгуулагдсан.

Улмаар 2016 онд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болон өөрчлөгдөж төрийн болон хувийн хэвшлийн долоон байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч 86 төрлийн үйлчилгээг 122.840 иргэнд үзүүлжээ. Тэгвэл нэг жилийн өмнөх энэ өдөр “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн шинэ байрыг орон нутгийн хөгжлийн сангийн 295.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж иргэддээ хүлээлгэн өгсөн юм.

 

Л.Отгонбаатар

 

 



 

Холбоотой мэдээ