Богд хааны Хүрэн ордныг сэргээн засварлаж дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-03-01 16:02:05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд хааны Хайстайн лаврин буюу Хүрэн ордныг  сэргээн засварлаж дуусчээ.

“Икэл” сангийн хамгаалалтад байсан уг түүхэн байгууламж олон жилийн насжилтаас болж нурж, сүйдэхэд хүрээд байсан юм.

Одоогоос 3 жилийн тэртээ тухайн үеийн ССАЖЯ уг ордныг Богд хааны ордон музейд шилжүүлж, сэргээн засварлан музейн зориулалтаар ашиглах хүсэлтийг НИТХ-д тавьж  өнгөрөгч оны 10 дугаар сараас сэргээн засварлах ажил эхэлжээ.

Монголын сүүлчийн эзэн хаан YIII Богд Жибзундамба хутагт нь Шаравпэлжээлин буюу Ногоон ордон, Гунгаадэжидлин сүм буюу Цагаан ордон, Дэчингалав буюу Шар ордон, Хайстайн Лавиран буюу Хүрэн ордонтой байжээ.

XIX зууны сүүл ХХ зууны эхээр барьж босгосон энэ байгууламжийг одоогийн Улаанбаатарын хойд хэсэг болох Чингэлтэй хайрхан уулын Хайлаастын аманд анх байгуулсан аж. Дараа нь одоогийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нүүлгэн авчирчээ. Энд голчлон YIII Богд Жибзундамба морилон саатаж байсан бөгөөд хуучин Хайлаастын аманд байснаас нь үүдэн Хайлаастайн ордон хэмээн нэрийдэх болж, сүүлдээ дуудлага сунжран “Хайстайн ордон” болж олны дунд нэршсэн байдаг.

Монгол Улсын сүүлчийн хаан, YIII Богд Жибзундамба хутагт 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хайсайн лаврин буюу зуны ордондоо таалал төгссөн түүхтэй.

Ж.Болор

Холбоотой мэдээ