“Дижитал сургалтын аргазүйг” хэрэгжүүлэх аймгаар Ховд сонгогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү 10 дугаар сарын 08-12 нд Сингапурт болсон “Дижитал сургалтын арга зүй” сургалтад оролцжжээ. Улмаар “Дижитал сургалтын арга зүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхны аймгаар Ховд аймаг сонгогдож энэ оны 11 дүгээр сарын 02-06-ны хооронд бага ангийн багш болон цэцэрлэгийн багш нарыг оролцуулсан сургалтыг Ховд аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал аж. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ч ялгаатай байгаа бөгөөд энэ нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа талаар албаны хүн ярьсан.
БСШУСЯ-аас энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа эрэл хайгуулыг хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапурын "Allin Technologies Pte Ltd" компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.А.Бямбасүрэн