Иргэдээс ирүүлсэн 2686 өргөдөл, санал хүсэлтэд хариу өгч шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-19 12:18:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг даргаар батлуулж, сумдын ЗДТГ, газар, хэлтэс, албадад албан бичгийн хамт хүргүүлэн биелэлтийг авч нэгтгэх ажил хийж байна. 

Дээрх төлөвлөгөөнд төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод болгох, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхэд анхаарч ажиллах зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэх хуудсанд зарим нэмэлт мэдээллийг тусгах зорилгоор бүртгэлийн хуудасны загварыг шинэчлэхээр ажиллаж байгаа аж.

Оны эхний есөн сарын байдлаар Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 2802 өргөдөл гомдол ирснээс эдгээрийн 2686 өргөдөл гомдолд шийдвэрлэсэн хариу өгч, 33 санал хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлж, есөн өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн хугацаа нь болоогүй 74 өргөдөл гомдол шийдвэрлэх шатандаа явж байгаа ажээ. Харин иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн 2408 нь бичгээр, 104 нь цахим хэлбэрээр, 82 нь утсаар, 192 нь биечлэн, 16 нь бусад хэлбэрээр хандсан аж. Дээрх өргөдөл, гомдол, саналууд газрын харилцаа, нийгмийн халамж үйлчилгээ, хүүхдийн эрх, нийгмийн даатгалын талаарх асуудлууд байжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ