Элэг бүтэн монгол хөтөлбөрийн II шат Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-22 14:06:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд элэгний В, С вирусын шинжилгээ хийх үйл явц 86 хувьтай байна.

Энэ нь тус аймгийн хэмжээнд хамрагдвал зохих 15-39 насны нийт иргэдийн  86 хувь буюу нийт 19212 иргэн хамрагдсан тоо аж. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, үүнийг таслан зогсоох, эрт илрүүлэх  чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас олон ажил зохион байгуулж буйн нэг хэсэг нь энэхүү “Элэг бүтэн монгол” хөтөлбөр.

Эл хөтөлбөрийн I үе шат өнгөрсөн жил хэрэгжсэн хэдий ч эрт илрүүлэг оношлогоо, эмчилгээнд иргэд хангалтгүй хамрагдаж байгаа аж. Иймээс элэг бүтэн монгол үндэсий хөтөлбөрийн II үе шатанд 15-39 насны иргэдийг хамруулж, элэгний С вирусын идэвхижил тодорхойлох ажлыг ийнхүү орон даяар зохион байгуулж байгаа аж.

Энэ аяны хүрээнд гепатитын В, С вирусын халдварын талаарх мэдээлэл, зан үйл хандлагыг өөрчлөх, өөрөө болоод гэр бүлийнхнээ хамгаалах мэдлэгтэй болгох. Цаашлаад архаг халдвартай хүнийг илрүүлэх, элэгний хатууралтай болон, хорт хавдартай хүнийг эмчлэх, халдвар тархах замыг таслах зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд энэхүү үзлэг оношлогоо эхлээд дөрвөн сар болж байгаа аж. Харин Сэлэнгэ аймгийн хувьд энэ сарын 3-наас эхэлжээ. Аймгийн хэмжээнд ялангуяа сумдын иргэд маш идэвхитэй оролцож байгаа аж.  Энэ үзлэг нь улсын хэмжээнд нэгдсэн программд орж байгаа учраас тухайн хүний мэдээлэл хаанаас ч шууд харагдаж боломжтойг мэргэжилтэн хэлэв.

Дашрамд дуулгахад эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэн энэхүү үзлэг, оношлогоонд хамрагдах боломжтой. Аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгээс албан байгууллага, сургуулиар  явж очин үзлэгт иргэдээ хамруулах ажлыг зохион байгуулж байна.Энэ удаагийн үзлэгийн онцлог нь өндөгний цуснаас хурдавчилсан оношоор тодорхойлогдож байгаа учраас багийн эмнэлэг дээрээ үзүүлж, оношлуулах боломжтой ажээ.

Харин шинжилгээнд хамрагдсан иргэд В, С  вирустэй байвал вирус тоолох дараагийн үйлчилгээг нэгдсэн байдлаар аймгийн ЭМГ-аас зохион байгуулна. Мөн хөтөлбөрийн I шатанд илрүүлэг үзлэгт хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэд энэ удаа хамрагдах боломжтой.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ