Галдан хаан морьтон баатруудаа дагуулж ирсэн содон өнгөтэй өв соёлын өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-25 15:00:34

Ховд/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны Олон үндэстэн ястны өв соёл” хөтөлбөрийн дагуу “Олон үндэстэн ястны соёлын биет болон биет бус өв"-ийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх сумдын соёлын өдрийн арга хэмжээ үе шаттай явагдаж байна.

Энэ удаа Ойрадын их хаанаар овоглосон “Галданбошигтын өөлдүүд” гэгддэг Эрдэнэбүрэн сумын сум сурталчлах өдөр 10 дугаар сарын 24-нд  содон өнгө дүүрэн, сонирхолтой,сэтгэл татам болов.Монголын түүхэнд товойн гарсан түүхт хүн, цэргийн жанжин, хутагт Ойрадын их хаан Галданбошигтын төв талбайд Галдан хаан, Ану хатантай, морьтон баатаруудаа дагуулсан сүр хүчит жагсаал хурсан олныг гайхшруулав. 

Их хааны  гал голомтыг сахин, эх нутагтаа амьдарч буй өөлд түмэн улиран одсон цагийн их хаан,морьтон баатруудын   мартагдсан  төрхийг хойч үеийнхэн болон өнөөдрийн бидэнд харуулсан юм.

Морьтон баатруудын жагсаалын араас сумын сургуулийн хүүхдүүд монгол дээлтэй, өөлд эхнэрүүд үндэсний  хувцсаар гоёж жагссан бол, эрчүүд нь Галданбошигт хааны  зарлиг сургаалаар “Гал тамгатай,  ганзага имтэй”  өөлдүүд гэгдэг  гал тамгаа гартаа барьсан байв.

Эрдэнэбүрэн сум биет болон биет бус өвийг хойч үед өвлүүлэхээр бэлтгэсэн ардын язгуур урлагийн төрлүүдээс сонирхуулж өөлд ардын уртын дуу “Өндөр алтай нутаг”  дууг  200- аад хүн дуулсан юм.

Ирээдүй хойч үеийн өв соёлын түүчээ болох  зуун  хүүхдийн биелгээ ,ардын язгуур урлагийн төрлүүдийг сумын ардын авьяастнууд   сонирхууллаа.

Энэ өдөр өөлдийн үе дамжин хэрэглэж ирсэн  эд өлгийн зүйлийн  үзэсгэлэнд Галданбошигт хааны хэрэглэж байсан  тамганы хайрцаг, хорол тоглоом бурханы шашны эд зүйлийг олонд дэлгэн үзүүллээ.

Бас сумын ногоочдын тарьсан ургацын дээж, даршилсан төрөл бүрийн ногоо болон монгол морины эмээл, хазаар тоног хэрэглэлийн үзэсгэлэн гаргалаа.

Галдан хаан Ану хатантай хүлэг морьтон баатаруудынхаа хамт ирсэн жагсаалын энэ өдөр Унгарын  “Будапешт- 2018” ДАШТ-д чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэн баярт үйл явдал давхцсанд хурсан олон түмэн баярлаж бэлгэшээж байлаа.

Тус сум  631 өрх, 2368 хүн амтай. Хүн амын 89 хувь нь өөлдүүд, 11  хувь нь  бусад ястнаас бүрддэг. Засаг захиргааны анхан шатны нэгж таван багтай юм. Алдар цуутнуудын өлгий  Эрдэнэбүрэн сум баруун бүсийн босоо тэнхлэгийн замтай холбогдож, цаашдаа усан цахилгаан станц сүндэрлэх бөгөөд  аймагтаа төдийгүй улсдаа тэргүүний сум болж хөгжих  ирээдүй хүлээж байна.

Сум сурталчлах өдөр олон үйл явдлаар өрнөж, “Нутаг шүтээн” нэртэй 50 гаруй ардын авьяастан оролцсон  концерт аймгийн Хөгжимт драмын театрт тоглосноор өндөрлөв.

Ховд аймаг олон үндэстэн ястны өлгий нутаг, өв соёлын дундаршгүй их өвтэй төдийгүй олон үндэстэн ястны түүх шаштир, зан заншил, өв соёл нь ч  давтагдашгүй.

Хатан нуурын эзэд хөөмий эгшиглүүлж байхад, Цэцэг нуурынхан үегүй мэт уран нугарах, Монгол алтайн нуруу мөнх цаст уулсын эзэд тууль, цуураараа хосгүй, торгуудууд зах хязгаар нутгаа манадаг, захчин түмний бий биелгээ нь гайхам билээ.

Дэлхийн хязгаарын хаана ч давтагдашгүй олон ястны  өв,соёлыг хойч үедээ өвлүүлэх ажлыг Ховд аймгийн үе, үеийн дарга нар бодлогоор дэмжиж,  таниулж ирсэний нэг ажил нь сумд өв соёлоо түмэн олондоо сурталчлах  ажил юм 

 

                                                                                                                                                                                 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ