Өмнөговь сумын өдрүүд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын өдрүүд энэ сарын 23-24-нд Улаангом хотноо болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Өмнөговь сумын ИТХ, ЗДТГ, төсөвт байгууллагуудын төлөөлөл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, сумын ардын авъяастнууд, хүүхэд багачууд гэх мэт 100 гаруй хүн оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Баатар Б.Гивааны талбайд тус сумын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид,
гар урчуудын урласан модон эдлэл, гутал, хувцас, суран эдлэл, эсгий эдлэл
зэргээс гадна цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа зохион байгууллааа Хоёр өдрийн
турш үргэлжилсэн энэхүү
арга хэмжээнд Улаангомчууд
өргөнөөр хамрагдаж, Өмнөговь сумын тухай мэдээ мэдээлэл цуглуулсан юм.
Анх 1978 онд “Сумын соёлын өдрүүд” нэртэйгээр Улаангом хотноо энэ арга хэмжээ зохиогдож байсан бол 20 жилийн дараа буюу 1998 онд хоёр дахь удаагаа, энэ удаад мөн 20 жилийн дараа буюу 3 дахь удаагаа Улаангом хотноо “Өмнөговь сумын өдрүүд” болж байгаа нь энэ аж.
Өмнөговь сум нь 1924 онд Баянчандмань уулын аймгийн
Өлзийжаргалант уулын сум нэртэйгээр Намирын хүрээний суурин дээр үүсэн
байгуулагдсан түүхтэй байна.
Тус сумаас БНМАУ-ын
баатар Бэгзийн Гиваан, БНМАУ-ын
алдарт сайн малчин Бөөрийн Иргэл, Улсын алдарт сайн малчин, “Фронт” хэмээх Энгэлийн Бадам, Хөдөлмөрийн баатар Н.Буянжаргал, Б.Жанцансамбуу, Р.Пүрэв нараас гадна МАХН-ын УТТ-ны
гишүүн, НАХЯ-ны сайд, Хурандаа генерал Б.Дэжид тэргүүтэй Монгол төрийн 11 сайд,
аймгийн хоёр
дарга, 9 гавъяат, 12 доктор төрөн гарсан байна.
Тус сум нь энэ зун 1974 оны амжилтаа дахин бататгаж “Буман хонины баяр”-аа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Б.Батхүү