Аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-29 11:28:10

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцтэй газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэг өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Чандмань, Дарви, Зэрэг, Манхан сумдад ажиллалаа. Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Засгийн газрын 218 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 06, 07 тоот албан даалгаврын хүрээнд сум бүр өвөлжилтийн бэлтгэл ажил зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар Дарви сум 747.3 тн өвс, 20 тн үйлдвэрийн тэжээл, 17.1 тн ногоон тэжээл, 213.2 тн гар тэжээл, 510 тн хужир шүүг бэлтгэн өвөлжөө, хаваржаан дээр татан авчээ. Чандмань сум 8тн өвс, 7.5 тн тэжээл авах гэрээ байгуулан татан авч байгаа бол Манхан сум хадлан 2109 тн, гар тэжээл 175т н, хужир шүү 720 тн, ногоон тэжээл 60 тн, сумын аюулгүйн нөөцөд 20 тн өвс, 100 уут тэжээл бүрдүүлсэн байна. Зэрэг сум цаг хүндэрсэн үед хэрэглэх тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 5 сая төгрөгийг гаргаж, зарцуулахаар шийдвэр гаргажээ. Малчид, мал бүхий өрхүүд, иргэд өөрсдийн хүчээр сонгино, адууны хомоол, халгай, чихэр өвс зэргийг ашиглаж 300 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэлийн явцыг шалгаж байгаа ажлын хэсгийнхэн дээрх сумдад “сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц”-ийг нэмэгдүүлэхийг анхаарууллаа. Одоогийн байдлаар эдгээр сумдын нутгаар ууландаа бага зэрэг цастай, шөнөдөө хүйтэн өдөртөө тогтуун дулаан өдрүүд үргэлжилж байна.

                                                                                                                                      А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ