ЖДҮХС-гийн санхүүгийн тайланг олон нийтэд танилцуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-29 14:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийлээ.

Тус намын зүгээс ЖДҮХС-гийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулахыг ХХААХҮ-ийн сайдаас шаардаж буй юм. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ЖДҮХС-гийн хөрөнгийг зувчуулсан хэргийг эрэн сурвалжлах болно гэдгээ мэдэгдлээ.

ХҮН-ын дарга Б.Найдлаа "Сүүлийн үед Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас УИХ-ын гишүүд өөрсдийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эзэмшлийн компаниар дамжуулан бага хүүтэй зээл авсан тухай мэдээлэл гарах болсон. Гэхдээ ЖДҮХС-гаас улс төрчид их хэмжээний зээл авдаг асуудал олон жилийн өмнөөс эхлэлтэй. Энэ сан улс төрчид төсвийн мөнгийг зувчуулах, мөнгө хүүлэх систес болсон байна. Тиймээс энэ сангийн үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулахын төлөө тэмцэх хэрэгтэй. Ер нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамгийн ихдээ 100 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байдаг. Гэтэл хэдэн 10 тэрбумаар зээл олгох журам баталсан нь улс төрчдийн ашиг сонрхлыг харуулж байгаа юм” хэмээв.

Тус намын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг сайхан нэртэй газруудын цаанад улстөрчид мөнгө угаадаг, өөрсдийн намаа санхүүжүүлдэг тогтолцоо бүрдээд олон жил болж байна. Улс төрчид эдгээр сангаас бага хүүтэй мөнгө зээлж, өөрсдийн ББСБ-аар дамжуулан иргэдэд 50 хувийн хүүтэй зээлэх замаар мөнгө угааж байгаа юм” гэлээ.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ