Б.Баттөмөр: 20 тонноос дээш хэмжээний алт олборлож буй тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.
Ажлын хэсэг 2, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдахдаа Монголбанк, Сангийн яам төсөл дэх бодлогын талаарх төсөөлөл, эрсдлийг хэрхэн тооцсон талаар болон бодлогын бусад баримт бичигтэй уялдуулсан эсэхтэй танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэжээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар судалж, танилцуулах талаарх холбогдох заалтыг төсөлд нэмэлтээр бэлтгэсэн үү. Энд “шийдвэрлэх” хэмээн томьёолох нь зүйтэй байх. Мөн ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү хэмээн асуув.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: "Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр олон судалгаа хийсэн байдаг бөгөөд өөр, өөр дүн мэдээлэл гардаг. Олон улсын жишгээр жилд 20 тонноос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Ажлын хэсгийн хуралдааны үеэр энэ асуудлаар нэлээн удаан хэлэлцээд, Банкуудын холбоо болон Монголбанкны төлөөллийн байр суурийг харгалзан өмнөх судалгаануудыг нягтлах нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсэг уг асуудлыг сайтар судлахын зэрэгцээ, үйлдвэр байгуулах өртөг зардал, төлөвлөгөө, ашиглалтад орсон тохиолдолд үр ашгийн талаарх холбогдох тооцоо судалгаа, алт цэвэршүүлэх үйлдвэрийн стратеги, хэтийн төлөв зэргийг нарийвчлан судлах шаардлагатай гэж дүгнэсэн. Харин ипотекийн зээл олголтыг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй. Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбатаас Монголбанкаар үргэлжлүүлэх санал гаргасныг хэлэлцэн, дэмжээд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн" гэлээ.
Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.