Хахуульд өгөх гэж байсан их хэмжээний валютыг АТГ хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-30 16:00:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын хууль хяналтын байгууллагын түүхэнд өмнө нь гарч байгаагүй нэгэн ажиллагааг тус улсын Авлигатай тэмцэх газар хийжээ. Энэ нь 1.3 сая ам.долларыг нэгэн түрээсийн орон сууцнаас бэлнээр нь хураан авсан явдал юм. 


АТГ-аас 2018 оны 10-р сарын 25-нд сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс үзвэл, ийм их хэмжээний валютыг төрийн албан тушаалтанд хахуульд зориулан өгөхөөр бэлтгэж байсныг гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн байна.


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Эрдэнийн Идэрцогийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээс үзвэл, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг хуурамчаар үйлдэхдээ хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг шалгах ажлын явцад өөр хээл хахуулийн үйлдэл бүхий сэжүүр илэрсэн нь 1.3 сая ам.долларын асуудал. Одоо тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1.3 сая ам.долларыг ашигт малтмалын тодорхой орд газрын маргаантай холбож, зарим өндөр албан тушаалтнуудын нэрийг оролцуулан мэдээлж байна. Гэвч Авлигатай тэмцэх газраас хэвлэл мэдээллээр явж байгаа хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудаас дээрх мөнгийг хураан авсан гэх мэдээллүүдийг үгүйсгэж байгаа юм. “Мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж хуулиар хориглогдсон. Хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа мэдээлэл өгнө” гэж Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлжээ. Их хэмжээний валютаар тоологдох үнийн дүнтэй хээл хахуулийн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байсныг Монголын авлигатай тэмцэх байгууллага илрүүлж таслан зогсоогоод байна. Энэ нь Монголын далд эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэж байгааг харуулсан таагүй дүр зураг юм гэжээ.

Холбоотой мэдээ