Малчдыг айлгах -Зуд- ЭНСО Монголд хэрхэн нөлөөлж байна вэ?

Дэлхийд | Нийгэм
amgalan@montsame.mn
2016-03-02 17:15:25

ТОКИО. /huffingtonpost/. 2014 оны зун үүссэн цаг уурын ЭНСО буюу Эль-Ниньо өмнөдийн хэлбэлзэл нь Этиоп зэрэг Африк тивийн олон оронд ган гачиг, цаашлаад хүнсний хомсдолд ороход нөлөөлж байна. Түүнээс гадна, Зүүн-Өмнөд Ази, Номхон далайн  улсуудад ч мөн хур тунадасны хэмжээ багасах зэрэг нөлөөг үзүүлж байгаа юм.

Цаг уурын энэ үзэгдлийн нөлөө бид бүгдийн санаанд ч  буухааргүй газар болох Монголд ч бас байгаа юм. “Эль-Ниньо, Монгол?” гэж хачин санагдах ч, энэ бол гарцаагүй үнэн.

 Эль-Ниньо үүссэн жил, Монголд зуны улирал сэрүүвтэр, хур тунадас маш бага унах хандлага ажиглагдан, хангалттай өвс ургадаггүй. Харин өвөл болоход байдал тэс өөрөөр эргэн, маш их хэмжээний цас орж, Монгол шиг хүйтэн газарт, цас мөсний аюулыг дагуулдаг.  Энэ үзэгдлийг Монгол хэлнээ “зуд” хэмээн нэрлэдэг бөгөөд зуд болох тоолонд малчин ард түмний амьдралын  гол цөм болох мал их олноороо үхэж үрэгддэг.

Монгол Улсын Засгийн газраас  урьд  нь тохиолдож байсан зуднаас сургамж авч, малын өвс тэжээлийг өнгөрсөн зунаас базаасан боловч хангалттай хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байгаа юм. Хүн амных нь 18 хувь мал ахуйгаар амьдралаа залгуулдаг Монголын хувьд зуднаар хэдэн саяар мал үрэгдэх нь наанадаж малчдын аж амьдрал, цаашлаад улсын эдийн засагт хүнд цохилт болох юм. 

Хүүхдийг ивээх сангаас  /Save the Children/ 2016 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын дунд хүртэл зудын хохирлын талаар судалгаа явуулсан юм. Миний бие Монголын баруун бүсийн дөрвөн аймгаар яваад ирсэн. Орон нутгаас мэдээлж байсан шиг энэ жилийн өвөл маш их цастай, бусад жилээс илүү хүйтэн, -58℃ хүрч хүйтэрч байлаа.

Энэ удаагийн судалгаагаар, малчид өөрсдийн ахуйн хэрэглээгээ танан байж, амьд баялаг болох малаа авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа нь ил боллоо.

2009–2010 оны зуднаар монголчууд маш их хэмжээний хохирол амссан. Энэ үеэр, хүүхдүүдийн хувьд эцэг эх, мал ахуйдаа сэтгэл нь зовон унтаж, хичээлдээ анхаарч чадахгүй, гэртээ туслах гэж хичээлээсээ цалгардах зэрэг асуудлууд гарч байлаа.

Холбогдох хүмүүсээс судалгаа авч байхад дээрхтэй адил зүйл энэ жил ч мөн адил гарах вий гэсэн болгоомж байгаа нь ажиглагдсан юм.

Цаг уурын ийм үзэгдлийг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол хүүхдүүд болон ядуус зэрэг нийгмийн эмзэг давхаргынхан юм.  Тусламж хугацаа алдах зэрэг нь энэ хүмүүст урт хугацааны туршид нөлөөлөх магадлалтай. Мөн хохирлыг газар авахуулахгүй байх нь ч чухал юм. Хүүхдийг ивээх сан зудтай байгаа орон нутгийн хүсэлтийн дагуу тусламжийн гараа сунгахын сацуу хүүхдийг сэтгэл зүйн хувьд дэмжиж ажиллах болно.

С.Дашцэрэн

Холбоотой мэдээ