НИТХ дахь МАН-ын төлөөлөгчид хотыг хөгжүүлэх Үндсэн чиглэлд саналаа өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-30 19:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу аравдугаар сарын 31-нд болох НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна.

Хуралдаанд МАН-ын бүлгийн төлөөлөгчдөөс гадна нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн харьяа агентлаг, газар хэлтсийн дарга нар оролцож байна. Төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотыг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд эдийн засаг, бизнесийн ямар чиглэл тэргүүлэхийг тодорхойлсон талаар, ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил бизнесийг дэмжих, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар ямар бодлого концепц хэрэгжүүлж байгааг асууж, хариулт авлаа. Нийслэлийн Засаг дарга С.Батболд хариулахдаа, "Нийслэлийн хэмжээнд томоохон ажлуудыг бие даан хэрэгжүүлэхэд нийслэлийн эрх зүйн өнөөгийн байдлаас шалтгаалан төсөв хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэхээр Сангийн яам руу хандах, тэдний "царайг харах" болдог. Бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахаар удаа дараа УИХ-д хандсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байна" гэв.

НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх хэлэхдээ, "Нийслэл эрх зүйн орчноо сайжруулахтай холбоотой дээрх хуулийг батлуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад төлөөлөгчид бид бэлэн. Энэ хуулийг батлаагүйгээс болоод жил бүр хотын төсөв нэртэй цөөн хэдэн төгрөгөө хүргэхийн тулд урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөгийн үлгэрээр чадан ядан хуваарилж ирсэн. Үүнээс болоод өнөөдөр агаарын бохирдол, нөгөө л замын түгжрэлээ шийдэж чадахгүй байна. Түүнчлэн боловсролын салбарын бодлогыг зар мэдээгээр дүүрэн байдаг зах зээлд эрэлт хэрэгцээтэй дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд уялдуулан боловсруулах хэрэгтэй байна" гэсэн бол төлөөлөгч Р.Дагва "2019 оны үндсэн чиглэлд аль болох хувийн хэвшлийнхнийг дэмжиж, тэдний хүсэл эрмэлзлийг ажил хэрэг болгох чиглэлд анхааран ажиллах ёстой" гэж байв.

Хуралдаан "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д өгөх саналаар үргэлжилж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ