Мөсний баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 14:31:17

Хөвсгөл аймгийн онгон дагшин байгаль, гүн цэнхэр  Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэнг олон нийтэд сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Хөх сувд-2016" мөсний баяр өнөөдөр морин цагт эхэллээ.

Тус баярын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нар болон иргэдийн төлөөлөгчид оролцож, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид Хаан их сарьдаг хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэн уран бүтээлийн дээжээ өргөн барьж мөсний баяр ёслол төгөлдөр эхэллээ.

“Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, Манай хөвсгөлчүүд улс орныхоо хоймрыг эзэлж, хийморийг дэвжээж, аз жаргалтай сайхан амьдарч байгаа ард түмэн. Байгалийн сайхантай, хүний сайхан цугласан ийм газар орон бол Хөвсгөл нутаг юм. Хөвсгөл нутгийнхаа ард иргэдтэй уулзаж, Хөвсгөл далай ээжийнхээ сайхан хойморт хүрэлцэн ирсэндээ туйлын их баяртай байна гэлээ.

Мөн, Энэ сайхан баярт улс орныхоо өнцөг булан бүрээс цаг заваа гарган алс холоос хүрэлцэн ирсэн нийт хүмүүст талархаж байна. Хөвсгөлийн ард түмний нэрийн өмнөөс, энд оролцож байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс та бүхэнд гүн талархал илэрхийлье. Баяр хүргэе. Хөвсгөлийг зорин ирэх хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жил ч нэмэгдэнэ. Ирэх жилүүдэд ч нэмэгдэнэ гэж бодож байна. Аливаа зочин гийчин, ирж байгаа хүмүүсээ бид байгаагаараа угтдаг. Хүн сайхан сэтгэл гаргаад, зөв сэтгэл гаргаад, ирсэн зочин гийчинтэйгээ зөв сайхан харилцаад явах юм бол түүнээс илүү дээд гэж үгүй. Тийм учраас ирж байгаа хүмүүстээ үйлчилгээгээ үзүүлж, сайхан харилцаж, үзүүлэх зүйлээ үзүүлж, харуулж явах юм бол Хөвсгөл нутгийг зорих хүмүүсийн тоо олон болно гэсэн юм.

Энэ жилийн хувьд мөсний баяр гадна дотны зочид ихтэй байгаа бөгөөд мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан, дугуйчдын мөсөн дээрх үзүүлбэр, үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр ба үндэсний хувцастай шилдэг хосуудыг шалгаруулах тэмцээн наадам явагдах бөгөөд орой галын наадам болж бөөгийн үзүүлбэрүүдийг сонирхуулах ажээ.

Төрийн тэргүүн урчуудын гараар сүндэрлэсэн мөсөн баримлууд болон нутгийн иргэдийн урлаж бүтээсэн гар урлалын зүйлсийн үзэсгэлэнг үзэж сонирхов.  Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг мөсний баярыг 17 дахь жилдээ  аймгийн ЗДТГ, аялал жуулчлал эрхлэгчид, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Хөвсгөл "Хөх сувд-2016" олон улсын мөсний баярт мөсөөр урласан бүтээлүүд, цаатан иргэд, дугуйчид, морин чаргатан, шүхэртэй нисэгчид чимэг нэмж байна.

 

Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ