Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-07 16:05:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын түүхэнд тодрон гарсан олон шилдэг хөвгүүдийн нэг Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын амьдрал, үйл ажиллагааг өгүүлэх “Мөнхөд дуурсагдах алдрын эзэн” нэртэй үзэсгэлэн өнөөдрөөс Монгол цэргийн музейд үзэгчдийн мэлмийг мялааж эхэллээ.

 

Энэхүү үзэсгэлэнг Эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан Монгол Цэргийн музей, Архивын Ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, "Баатарван" хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн нь залуу хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, С.Магсаржавын эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой.

Үзэсгэлэнд С.Магсаржавын амьдрал үйл ажиллагаанд холбогдох Монгол Цэргийн музей, Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архивын хадгаламжийн сан, хөмрөгт хадгалагдаж буй болон Г.Мягмарсамбуугийн “С.Мягмаржав судлал”-аар хийсэн судалгааны бүтээлүүд зэрэг түүх, эрдэм шинжилгээ, лавлагааны ач холбогдол бүхий 81 ширхэг гэрэл болон уран зураг, архивын баримт, үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэжээ.

 Тус үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно.

Холбоотой мэдээ