Монголын уран дархан олон улсын урлагийн их наадмаас тэргүүн байрын шагнал хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-10 19:39:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод энэ сарын долооны өдөр болсон Олон Улсын урлагийн их наадамд Монгол Улсын уран дархан Х.Хабыл гар урлалын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ.

Уг арга хэмжээг Казахстаны Нийгмийн хөгжлийн яам болон Дэлхийн казахуудын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан бөгөөд  тус улсын 14 муж болон Орос, Хятад, Германи, Франц, Монгол зэрэг дэлхийн 10 орноос нийтдээ 50 уран бүтээлч оролцжээ. 

Дээрх урлагийн их наадамд манай улсаас дуучид, яруу найрагчид, гар урлаачид гээд арваад хүн оролцсон байна. Х.Хабылын хувьд мөнгөөр урлаж чимэглэсэн казахын ард түмний морьтны хэрэгсэл, бүс, хутга, цоож зэрэг бүтээлүүдээ дэлгэн үзүүлжээ.

Харин яруу найргийн төрлөөр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ж.Шынарбек, Р.Нархулан нар нэг, хоёрдугаар байрт шалгарсан бол яруу найрагч М.Соян зохиолч Асхар Татанайн нэрэмжит тусгай шагнал хүртэж,  эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн байна. 




Холбоотой мэдээ