МСҮТ-ийн санхүүжилтийн 2 хувийг багшид зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-12 10:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлий төв (МСҮТ)-д ажиллаж буй багш нарын заах арга, ур чадварыг сайжруулахын тулд сургуулийн санхүүжилтийн 2 хувийг багшид зориулан зарцуулах болсон талаар ХНХЯ-наас мэдэгдээд байна.

МСҮТ-ийн төгсөгчид ажлын байранд тэнцэхгүй байна гэсэн гомдлыг ажил олгогчдоос сонсохгүйн тулд ийм өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага гарч ирж буйг ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг зохицуулах газраас мэдэгдэж байна. Мөн энэхүү шийдвэрийг өнөөгийн техник технологийн эрин үед багш нарыг шинэ технологид сургах нөхцөл байдал бий болж буйтай холбон тайлбарлаж байна. МСҮТ-үүд техник тоног төхөөрөмжөөр төдийлөн хангалтгүй байгаа учир ААН-үүдийн дэмжлэгтэйгээр сургалтыг хамтран зохион байгуулж байна. Багш нарыг хөгжүүлж өөрчлөхгүйгээр сургалтын агуулга чанар сайжрахгүй гэдэг үүднээс  сургалтын чанар, ур чадварын шалгалтын зохион байгуулалтад анхаарах талаар шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Их, дээд сургуулиудын багш нар эрдмийн зэрэг цолтой байх нь чухал бол МСҮТ-ийн багш нар салбартаа олон жил ажилласан, тэргүүний ажилчин ажилтан байхыг шаарддаг онцлогтой. Тиймээс туршлагатай сайн ажилчдаас багш болох гэж буй хүмүүст багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрийг сайжруулах талаар салбарын яамнаас бодлого барьж байна.


Тодруулга: 2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮТ)-ийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. МСҮТ-үүдэд нийт 4500 хүн ажиллаж байгаагийн 2200 гаруй нь багш нар байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна. 2019 оны төсвийн төслөөр энэ оноос МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тусгаад байгаа. Өмнө нь оюутан бүрт 70 мянган төгрөг олгож байсан юм.

 

Б.Болд

Холбоотой мэдээ