Олборлох ажлыг 2017 онд эхэлнэ гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-03 17:28:45

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны  олборлолт хийхээр төлөвлөөд байгаа Франц Улсын  “Арева” групп ирэх 2017 оны эхээр уран олборлож анхны шар нунтаг  үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа тухай албаны  эх сурвалж өгүүллээ.   

Тус компани 2015 онд үйл ажиллагаа явуулах ТЭЗҮ боловсруулсан  төдийгүй ашиглалтын “А” лиценз авсан, орд ашиглалтын гэрээний асуудлыг Ашигт малтмалын газартай хийж эхлээд байгаа, мөн байгаль орчны талаарх судалгааны бүх ажлыг хийж  нарийвчилсан үнэлгээг БОНХАЖЯ-нд өргөн барьсан аж.

Олборлолтын үйл ажиллагааг  явуулахад хоёр асуудлыг шийдэх гэнэ. Нэгдүгээрт Цөмийн Энергийн комиссын зүгээс  “Коже говь” компанийн нэр дээр олгосон “А” зөвшөөрөл Монгол Улсын Засгийн газартай хамтарсан компани руу шилжих процесс юм.  

 Өөрөөр хэлбэл тус компанийн 34 хувь Монголын “Мон Атом”  компани руу үнэ төлбөргүй шилжсэний дараа  хамтарсан компанийн хамгийн анхны гэрээ  нь Монгол Улсын  Засгийн газартай байгуулах орд ашиглалтын гэрээ болох юм байна.

Харин энэ гэрээнд гарын үсэг зурахад хуульд заасан нөхөн сэргээлтийн баталгаа гаргах шийдвэрийг Засгийн газар гаргах аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ