Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-12 14:47:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Оюуны спортыг дэмжигч Голомт банкны нэрэмжит "Цодгор хүү-2018” өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 80 гауй тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлджээ. Энэ удаагийн тэмцээнд цэцэрлэгийн насныхан олноор оролцсон нь онцлог байсныг зохион байгуулагчид хэлээ.

Гурван насны зургаан төрөлд зохион байгуулагдсан тус тэмцээнд гурван сум, 14 байгууллагын 80 гаруй тамирчид оролцжээ. Азийн аваргын мөнгөн медальт А.Оюун-Эрдэнэ, хүрэл медальт Т.Энгүүн, улсын аварга Б.Номинцэцэг, Цодгор хүү улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Батцагаан, Б.Гантөгс нарын шилдэг өсвөрийн шатарчид оролцож байгаа нь тэмцээний чанар, цар хүрээг илтгэж буй хэрэг юм.

“Голомт банк 2011 онд Сүхбаатар аймагт байгуулагдсан цагаасаа хойш зургаа дахь жилдээ энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн шатрын холбоо, Оюунлаг шатрын клубтэй хамтран зохион байгуулж байна. Манай банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ.” гэсэн уриатай. Тиймээс бид Цодгор хүү тэмцээнийг жил бүр ивээн тэтгэж хамтран ажилладаг. Тэмцээний цар хүрээ, тамирчдын чадвар жилээс жилд дээшилж байгаад баяртай байна.” гэж Сүхбаатар Голомт банкны ахлах менежер Б.Одгэрэл хэллээ.

Сүхбаатар аймагт шатрын спортыгхөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулж буй хүн бол Оюунлаг шатрын клубын багш Ж.Энхбаатар юм. 2013 оноос хойш шатрын клубээ ажиллуулж, дөрвөөс дээш насны тамирчдыг бэлтгэдэг. Түүний шавь нар нь  аймаг, бүс, улс цаашлаад тив дэлхийн тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, улс эх орон, аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж буй.

Тэрээр хэлэхдээ “Шатрын спортыг сонгон хичээллэх хүүхдийн тоо болоод жилээс жилд нэмэгдэж байгаад багш хүний хувьд үнэхээр баяртай байдаг. Манай тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг бол яалт ч үгүй энэхүү Цодгор хүү тэмцээн юм. Тэмцээнд түрүүлсэн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцэнд оролцох эрхийг авдаг. Тиймээс өрсөлдөөн их ширүүн өрнөдөг. Нөгөө талаар шатарчдыг чансааг шалгах, томоохон сорилт болдог гэж хэлж болно. Зургаа дахв жилдээ зохион байгуулагдаж буй тэмцээн ямар ч будлиангүй, маш сайхан болж өнгөрлөө.” гэв.

Холбоотой мэдээ