Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хуурамч баримт бүрдүүлжээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-11-15 16:45:10

ХовдМОНЦАМЭ/Ховд аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналт сул байна. Орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа газруудад орлогын төлөвлөгөө тавьж өгдөг боловч биелүүлдэггүй, 2016-2017 онд 17.8-185.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ.

Эдгээр байгууллагуудад 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө байршсан байгаа бөгөөд 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Иймд орон нутгийн өмчийн ашиглалт, менежментийг сайжруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагад АТГ-ын ажлын хэсгээс мэдэгдэж ажиллав.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нь Жаргалант сумын дулааны шугам сүлжээг сайжруулах ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Хөх ган өгөөж” ХХК-ийг дэмжээгүй байтал уг компанийг дэмжиж байгаа талаар хурлын протоколд тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна. Энэ нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн материалд гишүүдээр гарын үсгийг нь нөхөж зуруулдаг, тэмдэглэлийг зохиож бичдэг, оролцоогүй байж оролцсон мэтээр баримт бүрдүүлдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Эх сурвалж: АТГ



Холбоотой мэдээ