ИНФОГРАФИК: Нийгмийн хамгааллын тухай хоёр талт хэлэлцээр соёрхон батлах тухай хууль

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-14 10:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.


НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС

ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ


Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.


Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.



Хууль батлагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухай хувь хүний нийгмийн баталгааг хангаж өгнө.


Түүнчлэн тэтгэвэр,  тэтгэмжийг тооцохдоо 2 талд шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд олгох учир нийгмийн даатгалын санд санхүүгийн дарамт үүсгэхгүй.

Холбоотой мэдээ