Сонгинохайрхан дүүргийн 240 хүүхэд цэцэрлэгт хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-14 15:09:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн нээлт болов.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаарын хороонд барьсан тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд болон бусад албаны хүмүүс оролцов.

Нээлтийн ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Бүтээн байгуулалтад оролцсон баг, хамт олон тус цэцэрлэгийг 5 сарын хугацаанд барьж, ашиглалтад орууллаа. Иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр тус цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвийн 2-5 настай 240 хүүхдийг цэцэрлэгт хамрах боломжийг нээв" хэмээлээ.


Энэхүү цэцэрлэг нь олон улсын стандартад нийцэхүйц хичээлийн танхим, гал тогооны өрөөтэй. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 6.7 ам метр юм байна. Мөн гаднаа 230 ам метр резинэн хучилттай тоглоомын талбай, 20 автомашины зогсоолтой.


НЗД-ын Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хийх аж.

Дашрамд дурдахад, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах 11 магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлтийн 1,2 дугаар ээлжийн бүтээн байгуулалт, 2.4 км үерийн далангийн ажил дуусчээ. Мөн тус газар ирэх сарын сүүлчээр бизнес инкубатор, шинээр МСҮТ ашиглалтад оруулна гэв.

Холбоотой мэдээ