Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 11:59:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг батлав.

Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнгөрөгч хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн. Үндсэн чиглэлд инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулахаар тусгасан, түүнчлэн эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх зэргийг үндсэн чиглэлд тусгасан байна.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Батзандан гишүүн үндсэн чиглэлд хэт ерөнхий зүйлсийг тусгасан байна хэмээн шүүмжлэв.

Монгол Улсын гадаад валютын нөөц 3 тэрбум ам.доллар байгаа юм. Ирэх оны үндсэн чиглэлд валютын нөөцийг нэмэх үүднээс Монголбанкны худалдан авах алтны хэмжээг нэмэх, зээлийн хүүг бууруулах зэрэг олон нарийвчилсан заалтыг  тусгасан гэдгийг Б.Баттөмөр гишүүн тайлбарласан юм.

Мөн М.Билэгт гишүүн “Монголбанк төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах чиглэлээр хангалтгүй ажиллаж байна" хэмээн шүүмжилсэн. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, “Монголбанк 2016 оноос хойш нэг ч төгрөг хэвлээгүй. Монголбанк төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа. Мөн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж байна” гэсэн хариулт өглөө.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжиж, тогтоолыг батлав.

Холбоотой мэдээ