БНХАУ болон Мьянмарын талууд хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-11-16 09:59:42

СИНГАПУР. /Xinhua/. Пүрэв гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянь болон Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Жи нар хоёр талт уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.


Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Сингапурт зохион байгуулж буй Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүс нутгийн төр, засгийн тэргүүнүүдтэй хийсэн хоёр талт уулзалтын хүрээнд Мьянмарын төлөөлөгчтэй уулзсан бөгөөд Л.Көцянь уг уулзалтын үеэр хэлэхдээ, БНХАУ болон Мьянмар нь найрсаг дотно харилцаатай хөрш орон бөгөөд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш 68 жилийн турш таатай харилцааг хөгжүүлж ирсэн билээ гэжээ.


Манай хоёр улс нь хоёул хөгжиж буй орны хувьд эдийн засгийг хөгжүүлэх хийгээд хүн амын амжиргааг дээшлүүлэх зэрэг ижил зорилттой нүүр тулгарч байгаа бөгөөд БНХАУ-Мьянмарын талууд боловсрол болон бусад салбарт хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлэн ажиллах хэрэгтэйг Л.Көцянь онцлон тэмдэглэсэн байна.


Үүний хариуд Мьянмарын Төрийн зөвлөх хэлэхдээ, манай хоёр улс олон жилийн турш уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн хэмээгээд, цаашид БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хамтран хөгжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн худалдаа, эдийн засаг, хүний нөөц болон боловсролын салбарыг тэрбээр цохон тэмдэглэжээ. Мөн Мьянмарт энх тайвныг цогцлоох явцад ихээхэн тусламж үзүүлсэн Хятадын талд талархаж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ