Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-16 20:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас асуулт асууж, саналаа хэлэв. Тухайлбал, Э.Эрдэнэбат гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж буйгаа илэрхийлээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ирэх оны төсвийг бүхэлд нь бус хэсэгчлэн хориг тавих боломж бий эсэхийг тодруулсан. ЕТГ-ын дарга З.Энхболд, “Ерөнхийлөгч бодлогын түвшинд хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбаниатууд байгуулах чиглэлд 500 тэрбум төгрөг төсөвлөх. Төсвийг хэрхэн танах, аль чиглэлд хөрөнгө тусгах нь УИХ болон Засгийн газрын асуудал. Бүхэлд нь хориг тавьснаар дээрх 500 тэрбумыг хэмнэх цар хүрээ нэмэгдэнэ” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ