Хуульзүйн байнгын хорооны хуралдааны дараа чуулган хуралдахаар түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-17 11:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ХХААХҮ-ийн сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн зүгээс горимын санал гаргаж, түр завсарлага авав.

УИХ-ын гишүүн. О.Баасанхүү: ”Сайдын асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулж ирэх ёстой. Өчигдөр Төсвийн байнгын хороогоор төсвийн хориг  хэлэлцэж байхад  Ерөнхий сайд, Шадар сайд нь байхгүй байсан. Төсвийн талаар Засгийн газрын тэргүүн нь  танилцуулах ёстой. Төсөвгүй болчих юм бол ард түмэн цалингүй болно шүү дээ. Тиймээс сайдын асуудал, төсвийн хориг хэлэлцэхэд  Ерөнхий сайдыг  оролцуулах горимын санал гаргаж байна.   Ямар үндэслэлээр орж ирэхгүй байгаагаа тайлбарлах хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Бид нэг зарчимтай байх ёстой. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбогдсон гишүүдийнхээ асуудлыг ярихгүйгээр дараагийн сайдыг тодруулахгүй шүү гэдгийг бид мэдэгдсэн. Ерөнхий сайд төсөв, сайдын асуудлыг ярьж байхад орж ирэхгүй байгаа нь хариуцлагагүй зүйл гэж үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдыг иртэл сайдын асуудлыг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулъя гэсэн зарчмын санал гаргаж байна” хэмээв.

Шадар сайд Ө.Энхтүвшин: “Ерөнхий сайд зугатаад ирэхгүй байгаа юм биш. Нуруундаа гэмтэл авсан шалтгаанаар ирээгүй. Үүнийг далимдуулаад байх  хэрэггүй шүү. Төрийн ажил явдагаараа явна” гэлээ.  

Ингээд Хуульзүйн байнгын хороо хуралдсаны дараа чуулган хуралдахаар түр завсарлав.

Холбоотой мэдээ