Нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, иргэдэд хүндрэл учрах нөхцөл үүссэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-21 15:43:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр /2018.11.21/ шатахууны үнийн өсөлтөөс хамаарч ирэх даваа гарагаас нийтийн тээврийн салбар зогсох эрсдэл үүссэн талаар мэдээлэв.



Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэлэхдээ, “Он гарсаар шатахууны үнэ удаа дараа нэмэгдсэн. Том оврын автобусны хэрэглэдэг дизель түлшний үнэ өнөөдрийн байдлаар 2390 төгрөгт хүрсэн. Энэ байдлаас үүдэж нийтийн тээврийн үйлчилгээ цаашид хэвийн явах боломжгүй боллоо. Он гарах хүртэл түлшний үнэ, ам.долларын ханш тогтвортой байсан. Өнгөрсөн оноос нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлснээр мөнгө хураагчдыг “Сити баз” компанид ажиллуулах болсон. Ингэснээр автобусны нэг явалт, эргэлтийн зардлаас 2261 төгрөгийг хассан. Мөн байгууллагаас нийгмийн даатгалд төлөх төлбөрийг нэг хувиар нэмсэн.  Одоо нийтийн тээврийн хувийн компанид улсаас нэг явалт, эргэлтийн нөхөн төлбөрт 30 мянга 672 төгрөг өгч байна. Гэтэл бодит байдал дээр 39 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Нийтийн тээврийн нэг явалт, эргэлтийн зардалд хүрэлцэхгүй байгааг хотын дарга, Нийслэлийн тээврийн газар болон холбогдох газруудад мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн 5 дугаар сард НТГ-ын дарга, Хотын менежерийн тушаал гарч ажлын хэсэг байгуулан нийтийн тээврийн нэг явалт, эргэлтийн зардалд өөрчлөлт оруулах дүгнэлт гарсан байдаг. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч энэ онд та бүхний алдагдлыг шийдэж нөхөн олгохоор болсон тул төсвийн тодотгол хийх хүртэл үйл ажиллагаагаа явуулж байхыг хүссэн. Тиймээс манай нийтийн тээврийн компаниуд хамтрагч байгууллага, банк зэргээс зээл авч алдагдлаа нөхсөөр өнөөдрийг хүрлээ. Энэ сард түлш 2390 төгрөгт хүрсэн нь улам хүнд байдал руу түлхлээ. Гэтэл одоог хүртэл НИТХ, НЗД-ын зөвлөл асуудлыг шийдэхгүй байна. Энэ оны алдагдлыг зөвхөн шатахууны үнээр ярихад л 5.1 тэрбум төгрөг болсон. Энэ бол зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн компаниудын алдагдал. Тиймээс бид Хотын даргад энэ асуудлыг шийдэж, алдагдлыг нөхөн олгох, ирэх оны төсөвтөө шатахууны үнийг харгалзан үзэж нэг явалт эргэлтийн зардалд өөрчлөлт оруулахыг хүсч байна” гэлээ.

“Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Хамгийн ноцтой зүйл нь энэ асуудал даамжирсаар нийтийн тээврийн үйлчилгээ зогсож, иргэдэд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсээд байна. 

Учир нь манай компанийн хувьд одоо байгаа түлшний нөөц ирэх долоо хоногийн даваа гараг хүрэхтэй үгүйтэй байна. Петростар компаниас өнгөрсөн хугацаанд зээлээр түлшээ авч байсан бөгөөд өрөө төлж барагдуулах хүртэл дахин түлш нийлүүлэхгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Бусад нийтийн тээврийн компаниуд ч бүгд адилхан ийм байдалд хүрсэн.

 Хэрвээ нийтийн тээврийн үйлчилгээ ирэх долоо хоногоос зогсвол бид хариуцлага хүлээхгүй. Ийм байдалд хүрсэн шалтгааныг иргэд зөвөөр ойлгоосой гэсэндээ хэвлэлийн хурал хийлээ" гэв. 

Холбоотой мэдээ