ДОРНОГОВЬ: Адуучин залуус ур чадвараа сорин өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-25 14:42:55

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, адуучин залуусын авхаалж самбааг сорих зорилгоор сумын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг 2026 оны нэгдүгээр сарын 7-нд зохион байгуулна.


Тэмцээнд тус сумын харьяат адуучид оролцох юм. Тэмцээнийг Улаанбадрах сумын Баянбогд багийн нутаг Хонгорын Сүүж хэмээх газар Монгол Улсын аварга малчин Н.Амарбаярын адуун сүрэг дээр зохион байгуулах бөгөөд  адуучид уурга болон ташуур шүүрч, морьтой, явган уургалахаас гадна эмнэг булгиулж өрсөлдөнө.


Ур чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилж шалгарсан адуучдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна  Ташрамд дурдахад, Дорноговь аймаг  2024 оны мал тооллогын дүнгээр 107.0 толгой адуу тоолуулсан бол Улаанбадрах сум 12348 толгой адуугаар аймагтаа эхний тавд жагсдаг байна.  




Холбоотой мэдээ