Тайваньд орон нутгийн сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-24 13:10:52
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайванийн сонгуулийн түүхэнд томоохонд тооцогдох орон нутгийн эрх барих байгууллагуудын сонгууль бямба гарагт болж байна. Арлын тус улсын оршин суугчид 16 хот, зургаан тусгай засаг захиргаа, хошуудын дарга нарыг, хотуудын болон хошуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг, тосгод, хот суурингуудын захиргааны 11 мянга гаруй төрийн албан хаагчийг сонгоно. Тайванийн Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, эдгээр албан тушаалд 20.8 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тайванийн орон нутгийн сонгуульд 23 сая оршин суугчийн 19 сая гаруй нь оролцоно. Сонгуулийн урьдчилсан дүнг орой зарлана. Энэ удаагийн сонгууль нь 2020 онд Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүнийг сонгохын өмнө тус арлын улс төрийн цаашдын нөхцөл байдлыг олон талаар тодорхойлно. Түүнчлэн Цай Ивэнь тэргүүтэй эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын хувьд сорилт шалгалт болно. Гол өрсөлдөөн зургаан тусгай засаг захиргааны даргын суудлын төлөө өрнөнө. Үүний дөрөв нь эрх баригч намын хяналтад байдаг байна.

Бямба гарагт мөн орон нутгийн сонгуулийн хамтаар хүнсний аюулгүй байдал, цөмийн эрчим хүчнээс татгалзах, сургуулиудад бэлгийн боловсрол олгох, ижил хүйстнүүдийн гэрлэлт зэрэг 10 асуудлаар бүх нийтийн дунд санал асуулга явуулна. Эдгээрээс идэвхтнүүдийн санал болгосон Тайванийн Олимпын шигшээ багийн нэрийг 2020 онд Токиод болох зуны Олимпын наадамд оролцохдоо “Хятадын Тайбэй” гэдгээс “Тайвань” болгож өөрчлөх асуудал хамгийн их анхаарал татаж байгаа юм. Энэ алхам нь тайваньчууд БНХАУ-аас тусгаар тогтнохыг дэмжиж байна гэж үзэхэд хүргэж болзошгүй байна.

Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг Хятадын эрх баригчид сонгуулийн явцыг анхааралтай ажиглана. Учир нь хоёр орны харилцаа тогтвортой байх эсэх нь чухам Тайваньд улс төрийн байдал цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаална. 2016 онд Цай Инвэнь тэргүүтэй Ардчилсан дэвшилтэт намынхан засгийн эрхэнд гарсны дараа хоёр орны харилцаа муудсан юм. Цай Ивень “нэг-Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өмнөх эрх баригчид болох Гоминьдан намынхны хэрэгжүүлж байсан бодлогыг өөрчилжээ.

1949 онд иргэний дайн дууссаны дараа эх газрын Хятад тус аралд хяналтаа алдсан боловч хожим нь дахин тогтоож чадсан юм.

Энэ удаагийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байна гэж Тайванийн эрх баригчид Бээжинг нэг бус удаа буруутгажээ.
Холбоотой мэдээ