Засаг даргыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-27 18:46:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт болж НЗД С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх товтой байсан боловч 45 төлөөлөгчөөс 23 нь ирж ирц бүрдээгүйгээс 18.00 цаг хүртэл эхлээгүй байв. Гэвч НИТХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд тус тусдаа Ерөнхий сайдыг ирж хуралдаанд оролцоно хэмээн хүлээж байсан аж. Ингээд сүүлдээ ажлын цаг дуусахаас өмнө хуралдаанаа эхлүүлэхээр 18.10 цагт хуралдааны танхимд орж ирцгээсэн. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлыг дахин танилцуулж, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах үндэслэлээ танилцуулахаар Ерөнхий сайдыг төлөөлөн Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ирсэнийг мэдэгдэв. Гэвч НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү болон төлөөлөгч Э.Бат-Үүл нар Ерөнхий сайдын дээрх төлөөллийг хүлээн авахгүйгээ мэдэгдэж завсарлага авах саналтайгаа  мэдэгдэв.


НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нэгэнтээ Ерөнхий сайд хотын даргыг огцруулах шийдвэрээ НИТХ-д албан бичгээр хүргүүлж ирүүлсэн тул ийм нөхцөлд нийслэл тэр дагуу нь асуудлыг өөрөө хэлэлцээд явах бүрэн боломжтой, эрхзүйн хувьд ч тийм нөхцөлтэй байгаа”-г АН-ын бүлгийнхэнд тайлбарлахыг хичээж байв. Гэвч түүний энэ тайлбарыг нь хүлээн аваагүй учир АН-ын бүлгийн саналын дагуу завсарлага авахаар болж АН-ын бүлгээс хугацаа хэлэхийг хүссэн юм.


Эхэндээ “Ерөнхий сайд болон түүний төлөөлөл НИТХ-д ирж хуралдаанд оролцон хотын даргыг огцруулах шийдвэрээ танилцуулвал бид асуудлаа зөвшилцөн хэлэлцэхэд бэлэн” гэж байсан НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл сүүлдээ Засгийн газрын тэргүүнийг НИТХ-д заавал ирэх хуультай хэмээн үзэн, түүнийг иртэл завсарлага авна хэмээн тодорхой хугацаа зааж хэлсэнгүй.

Тиймээс хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын ээлжит хуралдааныг 7 хоногоор хойшлуулахаа мэдэгдснээр НИТХ-ын өнөөдрийн хуралдаан өндөрлөв.  

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

 

Холбоотой мэдээ